Афганистаны засгийн эрхийг барьж байгаа Талибаны бүлэглэл дотроо хагаралдсан уу?

Улс төр

Афганистаны засгийн эрхийг хяналтандаа оруулж, шинэ засгийн газраа эмхлэн байгуулаад байгаа Талибаны бүлэглэл дотроо хагаралдан талцсан талаарх мэдээлэл дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдсан. Тэгвэл энэхүү мэдээллийг Талибаны Эмиратын засгийн газрын тэргүүний орлогчоор сонгогдсон Абдул Гани Барадар үгүйсгэн мэдэгдэл хийжээ.

Абдул Гани Барадар түүнчлэн Талибаны Эмиратын засгийн газар дотор хагарал үүссэн, мөн түүнийг нас барсан талаарх мэдээллийг худал ташаа мэдээлэл болохыг батлан мэдэгджээ.

Олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Барадар болон Талибаны бусад тэргүүлэгчдийн хооронд хямрал, хагарал үүссэн талаар мэдээлсэн юм. Эх сурвалжуудын мэдээлснээр мулла Барадар засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд зарим нэг халаа сэлгээ хийхийг хүсч, талибаны бүлэглэлийн зүгээс эсэргүүцэлтэй тулгаран улмаар нийслэл хотоо орхин Кандагар хотыг зорьсон талаар мэдээлж байжээ.

Абдул Гани Барадар энэ талаар тайлбар мэдэгдэл хийж:

-Би Кабулаас явсны дараа дээрх мэдээлэл тарсан байсан. Мэдээлэл ташаа гэдгийг хэлж, үгүйсгэхийг хүссэн ч хэвлэл мэдээллийнхэнтэй холбогдох боломж байхгүй байсан учраас цаг алдлаа. Афганистанд байгуулагдсан засгийн газар үйл ажиллагаагаа хэвийн явуулж, тарж бутрах, хагаралдах шалтгаан байхгүй байгааг батлан хэлэхийг хүсч байна

гэжээ.