Ливид XII/24-нд болох ёстой байсан Ерөнхийлөгчийн сонгуулийг 1 сараар хойшлуулжээ

Улс төр

Ливид 12-р сарын 24-нд буюу энэ баасан гарагт болох ёстой байсан ерөнхийлөгчийн сонгуулийг нэг сараар хойшлуулжээ. Энэ талаар Ливийн СЕХ-ноос мэдээлсэн байна. 

Ливид ерөнхийлөгчийн сонгууль явуулах хугацааг бараг жилийн өмнө тогтоод байсан хэдий ч сонгууль явагдахаас ердөө хоёр хоногийн өмнө энэ улсын парламентын зөвлөл сонгуулийн товыг нэг сараар хойшлуулах шийдвэр гаргасан байна.

Ливид арваад жилийн өмнө НАТО-ийн хүчний дэмжлэгтэйгээр Муаммар Каддафигийн дэглэмийг буулгаж, экс удидагчийн аминд хүрч, төр засгийн эрх мэдлийг энэ улсын сөрөг хүчин булаан эзэлсэн ч өнөөдрийг хүртэл дотоодын хямрал хүчирхийлэл намжаагүй хэвээр байгаа юм.

Ливид дотоодын сөргөлдөөн, үймээн самуун үргэлжилсээр, улс орон нь сүйдэн, эдийн засаг нь доройтоод байна. Энэ бүхэнд цэг тавих зорилгоор энэ баасан гарагт ерөнхийлөгчийн сонгууль явагдах ёстой байсан ч Ливийн иргэд сонгогчид хэний төлөө саналаа өгөх, ямар улс төрчид нэр дэвшээд байгаа, улс оронд нь улс төрийн ямар хүчнүүд өрсөлдөж байгаа талаар ойлголтгүй шахуу байгааг ажиглагчид тэмдэглэж байна.