Афганистаны Талибаны албаны төлөөлөгчид барууны орнуудын төлөөлөлтэй Осло хотноо уулзалт хийж байна

Улс төр

Норвегийн нийслэл Осло хотноо Афганистаны Талибан бүлэглэлийн албаны төлөөлөгчид болон Барууны улс орнуудын хооронд анхны албан ёсны нүүр тулсан яриа хэлэлцээр болж байна. 

Афганистаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Амир Хан Муттаки тэргүүтэй Талибаны албаны төлөөлөгчид Осло хотноо Барууны улс орны засгийн газрын албаны хүмүүс болон иргэний нийгмийн төлөөлөгчидтэй уулзахаар иржээ. 

Афганистаны албаны төлөөлөгчид Ослод бямба гарагт хүрэлцэн ирж албаны яриа хэлэлцээр ням гарагт эхэлжээ. Ослод болох уулзалт 3 хоног үргэлжлэхээр төлөвлөжээ. Эхний өдрийн уулзалт Осло хотоос холгүй байрлах уулын бүс дэх зочид буудалд эхэлсэн байна. Ням гарагт талибаны албаны төлөөлөгчид Афганистаны эмэгтэйчүүдийн болон хүний эрхийн төлөө тэмцэгчидтэй уулзсан юм. Норвегийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр Ослогийн уулзалт нь гадны улс орнууд Афганистанд Талибаны бүлэглэлийн байгуулсан түр засгийн газрыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг биш, энэ бол зөвлөлдөх яриа хэлэлцээр гэдгийг онцолж байна. Талибаны болон Барууны улс орнуудын албаны төлөөлөгчдийн хооронд болж байгаа зөвлөлдөх уулзалт энэ сарын 23-25-ны хооронд 3 хоног үргэлжилж байгаа юм. Зөвлөлдөх уулзалтад Афганистан, Норвегийн талаас гадна АНУ, ЕХ, Их Британи, Франц, Герман, Италийн албаны төлөөлөгчид нэгдэж байгаа юм. Талууд зөвлөлдөх уулзалтын үеэр Афганистан дахь хүний эрхийн байдал, мөн энэ улсад үзүүлэх хүмүүнлэгийн тусламжийн асуудлаар голчлон хэлэлцэж байна. НҮБ-ын мэдээллээр өнөөдөр Афганистаны 23 сая иргэн буюу хүн амынх нь 55% нь өлсгөлөн гуйланчлалд автаж өлмөн зэлмүүн амьдарч байгаа юм. Зөвхөн энэ онд л гэхэд Афганистаны хүмүүнлэгийн гамшгийг даван туулахад дэлхийн донор улс орнуудаас 5 тэрбум долларын хөрөнгө мөнгө хүсч байгаа юм.