ОХУ, Францын төрийн тэргүүн нар Украины асуудлыг Кремльд хэлэлцэнэ

Улс төр

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Францын төрийн тэргүүн Эммануэль Макроныг өнөөдөр Кремльд хүлээн авч уулзаж байна. 

Уулзалтын үеэр талууд ОХУ-ын Аюулгүй байдлын асуудал болоод Украиныг тойрсон сэдвээр хэлэлцэхээр төлөвлөжээ. 

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Дмитрий Песковын мэдэгдсэнээр Орос-Францын төрийн тэргүүн нар сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд 3 удаа утсаар хэлэлцэж, улмаар даваа гарагт Москва хотноо биечлэн уулзахаар тохиролцсон юм. Путин, Макрон нар Кремльд хийх уулзалтаараа Аюулгүй байдлын баталгаа олгохтой холбоотой асуудлыг голчлон хэлэлцэхээр төлөвлөжээ. Францын тэргүүн даваа гарагт ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзалт хийснийхээ дараа Украиныг зорих юм. Эммануэль Макрон ОХУ-д хийж байгаа айлчлалынхаа гол зорилгыг Украины асуудалтай холбоотой нөхцөл байдал хурцдахаас сэргийлэх явдал гэдгийг тодотгожээ. Макрон Москваг зорихоосоо өмнө Украинтай холбоотой асуудлыг Оросын талтай яриа хэлэлцээ, уулзалт хийлгүй шийдвэрлэх, нөхцөл байдлыг намжаах боломжгүй гэдгийг онцолсон байна.