Украин дахь цэрэг дайны ажиллагаа 3 дахь долоо хоногтоо үргэлжилж байна

Улс төр

Украинд Оросын цэрэг армийнхан өргөн хүрээний цэргийн ажиллагаа явуулснаас хойш гурван долоо хоног өнгөрөөд байна. 

Энэ хооронд Орос-Украины хооронд хэд хэдэн үе шат бүхий яриа хэлэлцээ хийгдэж, сөргөлдөгч талууд өдөр тутамд цахим уулзалт явуулж байгаа ч харамсалтай нь өнөөдөр нэгдсэн байр сууринд хүрч, дайн тулаанаа зогсоох талаар тодорхой шийдэлд хүрч чадаагүй байна. 

Украины нийслэл Киев хотоос хойд зүгт 140 км-ийн зайтай байрлах Черниговт Украины олон нийтийн радио телевизийн дамжуулснаа талханд дугаарлан зогсч байсан 10-аад хүн амиа алджээ. Энэ явдал өглөөний 10 цагийн алдад болсон гэж байгаа ч мэдээллийг албан ёсоор батлах аргагүй байна. Чернигов нь сүүлийн хэдэн өдрийн туршид Оросын цэргийнхэний бүслэлтэд байгаа юм. Хотод цахилгаан эрчим хүч, ус, халаалт байхгүй байна. 

Тэгвэл энэ хооронд Financial Times сонины мэдээлж байгаагаар Москва, Киевийн талууд хамтарсан яриа хэлэлцээрийнхээ үеэр зарим нэг тохиролцоонд хүрчээ. Тухайлбал Оросын талыг тэргүүлэн оролцож байгаа ерөнхийлөгчийн зөвлөх Владимир Мединскийн мэдээлж байгаагаар Австри болон Шведын талаас санал болгосон “зэвсэггүй улс орны” статус буюу хувийн цэрэг арми, тэнгисийн хүчинтэй ч олон улсын ямарваа цэргийн нэгдэлд үл нэгдэгч улс орон байх хувилбарыг Украины талд санал болгожээ. Энэхүү хувилбарыг Орос, Украины талууд цаашид үргэлжлүүлэн хэлэлцэж, гарц шийдэл олох хүртлээ яриа хэлэлцээрээ явуулах юм. 

Тэгвэл энэ хооронд ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Украинд эхлүүлсэн цэргийн тусгай ажиллагаа төлөвлөгөөний дагуу амжилттай үргэлжилж байгаа талаар мэдэгджээ.