Оросын цэргийнхэн Украины нийслэлийн бүсийг орхин гарч байна

Улс төр

Оросын цэрэг армийнхан Украины нийслэл Киев хотоос цэргийн хүчнээ татаж байна. 

Тэгвэл Оросын тал ийнхүү цэргийн хүчнээ гаргахтай зэрэгцээд Украины арми Киев хотын хойд хэсэг рүү хүчээ төвлөрүүлэн байрлалаа ахиулж байна. 

Украины ерөнхийлөгч Владимир Зеленский улсынх нь нийслэл орчмын бүс нутгаас Оросын тал цэргээ гаргасны дараа энгийн номхон иргэдийн хувьд аюултай нөхцөл байдал үүсээд байгаа талаар мэдээлжээ. Учир нь Оросын цэргүүд Киев хотыг орхин гарахдаа барилга байшингийн дэргэд мин, техник хэрэгсэл, тэр байтугай амиа алдсан иргэдийн цогцсыг ил задгай хаясан байжээ. Киев хот руу хойд зүгээс орж ирж байгаа Украины цэргийнхэн гудамж талбайг цэвэрлэж, сэжигтэй объектуудыг шалгаж байгаа юм.

Тэд ийнхүү явахдаа орхигдсон цэргийн техник, сум, зэр зэвсгийн дэргэд улаан даавуугаар тэмдэглэгээ үлдээж байна. Учир нь тэдгээр нь дэлбэрч болзошгүй юм.Киев хотын дор байрлах Бучи дүүрэгт хэн болох нь тодорхойгүй 20-иод хүний цогцос энд тэндгүй орхисон байжээ. Украины Гадаад хэргийн яамны мэдээлж байгаагаар магадгүй энэ нь хотод болсон учир замбараагүй дайны хэргийн хохирогчид гэж үзэж байна.

Киевийн дорх Буча дүүрэг сүүлийн сар гаруйн хугацаанд Оросын цэргийнхэний хяналтанд байжээ. Хотын гудамжинд орхигдсон цогцоснуудыг мөрдөн шалгах ажиллагаа явагдаж дуусах хүртэл хөдөлгөхгүй үлдээх гэнэ. Бучи дүүргийн захиргааныхны мэдээлж байгаагаар энд 300-аад хүнийг нэг дор оршуулсан нийтийн булш ч олдсон байна. Украины эрх баригчид үүнийг энгийн номхон иргэдийн эсрэг үйлдсэн балмад хэрэг явдал, дайны гэмт хэрэг гэж үзэж байгаагаа мэдэгджээ.