Ерөнхий сайд Борис Жонсон Киев хотод ирж, Украины Ерөнхийлөгч Зеленскийтэй нүүр тулан уулзлаа

Улс төр

Дэлхийн удирдагчдын төлөөлөл энэ амралтын өдөр Украинд ирсэн. Тэдний нэг Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон Киев хотод ирж, Украины ерөнхийлөгч Зеленскийтэй нүүр тулан уулзаж, нийслэл хотын гудамж талбайгаар явж нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан.

Киевт саатах үеэрээ Борис Жонсон Украины талд 120 нэгж хуягт техник, ПЭХ шинэ систем нийлүүлэхээр амлалаа. Нийтдээ 100 сая фунт стерлингийн үнэ бүхий цэргийн тусламжийг энэ долоо хоногтоо багтаан Украинд нийлүүлэхээ Жонсон хэлсэн. 

Мөн Их Британийн ерөнхий сайдтай зэрэгцээд Австрийн Холбооны канцлер ч Украины газар нутагт хөл тавьсан. Карл Нехаммер Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй биечлэн уулзсанаас гадна хүний санаанд оромгүй балмад дүр зургаар олон улсад танигдаад байгаа Буча хотод очсон юм. Буча хотоос Оросын цэрэг арми гарсны дараагаар хотын гудамж талбайд энд тэндгүй үхсэн хүмүүсийн цогцос хаягдаж орхигдсон байсныг үзэгч та мэдэж байгаа. Австрийн канцлер Бучад очих үеэрээ Оросын цэргийнхэний балмад үйлдлийг эрс буруутгаж, олон улсын хууль эрхийн байгууллага, Гаага дахь НҮБ-ын шүүхэд хандан Бучагийн хядлагын дагуу мөрдөн шалгах ажил цаг алдалгүй явуулахад уриалжээ. 

Австрийн канцлер Украинд айлчлахдаа тун удахгүй Киев дахь ЭСЯ-аа эргүүлэн нээнэ гэж хэлсэн. Тэгвэл Украины дайн тулаанаас болж дипломат төлөөлөгчийн газрууд, ЭСЯ-даа хаасан улс орнууд Киев дахь үйл ажиллагаагаа сэргээхээ мэдэгдэж байна. Ийм орны тоонд Турк, Латви, Литв, Итали зэрэг орныг нэрлэж болохоор байна.