НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Украин дахь цэрэг дайны ажиллагаа сунжирч, Оросын тал хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа учраас Украин дахь нөхцөл байдлын талаар мөрдөн шалгах ажил явуулах талаар санал хураалт явуулжээ.
НҮБ, Украины дайн тулааны талаар бие даасан мөрдөн шалгах ажил явуулж, хүмүүнлэгийн байр байдал зөрчигдөж байгаа явдлыг шалган тогтоох хүсэлтэй байгаа юм.
НҮБ-ын зөвлөлийн хуралдаанаар Украины дайны талаар мөрдөн шалгах ажил явуулах саналыг 33 улс орон дэмжиж, 12 улс түтгэлзэн, Хятад болон Эритрей гэсэн хоёр улс эсэргүүцсэн байна. Оросын төлөөлөгчид хуралдаанд оролцоогүй, учир нь Ерөнхий Ассамблей Оросын талыг НҮБ-ын зөвлөлийн хуралд оролцох эрхийг нь хязгаарлажээ. Оросын тал энэ шийдвэрийн дараа зөвлөлийн бүрэлдэхүүнээс гарсан юм.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдааны үеэр Олон улсын Эрүүгийн шүүхийн прокурор Карим Хан Украины дайн тулааны нөхцөл байдлыг сөргөлдөгч талуудаас ангид, бие даасан, гадны оролцоо нөлөөгүй ажлын хэсэг томилон мөрдөн шалгах нь зүйтэй гэдгийг онцолсон. НҮБ-ын Хүний эрхийн асуудал хариуцсан дээд комиссар Мишель Бачелет Украины Киев хотын хойд хэсэгт хүмүүсийг нийтээр нь хоморголон устгасан 300-аад хэрэг явдлын баримт нотолгоо бидэнд байна. Тиймээс эдгээр баримтууд алдагдахаас өмнө цаг алдалгүй мөрдөн шалгах ажил явуулж эхлэх нь зүйтэй гэжээ.