Улсын эдийн засаг маш хүнд хэцүү байгаа үед засгийн эрхийг өвлөн авч байгааг хэвлэл мэдээлэл төдийгүй олон улсын удирдагчид ч онцлон ярьж, Риши Сунакт амжилт хүсч байна. Их Британийн сүүлийн 200 жилийн хамгийн залуу удирдагчаар тодорч байгаа цагаач гаралтай, анхны Ази ерөнхий сайдын талаар.. олон улс тэр дундаа Энэтхэг улс хэрхэн хүлээж авсан нь ВВС-гийн анхаарлыг татжээ.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди, дэлхийг хамарсан асуудлууд дээр шинэ сайдтай хамтран ажиллахдаа баяртай байх болно хэмээн мэдэгдсэн байна. Хинду шашинтай Их Британийн Ерөнхий сайдад Дивали баярын мэнд хүргэжээ. Харин Энэтхэгийн хэвлэл мэдээлэл Энэтхэг хүү эзэнт гүрний дээр гарч, Их Британид түүх бүрэн эргэлээ хэмээн бичжээ. Иймэрхүү мэдээ мэдээлэл, хандалт илрэх нь ойлгомжтой юм. Риши Сунакийн эмээ өвөө нь Энэтхэгийн Панжабаас гаралтай бөгөөд, эхнэр нь ч мөн Энэтхэг үндэстэн юм, хадам аав нь харин Энэтхэгийн алдартай бизнессмэн гэж ВВС мэдээллээ.
ЕХ холбоо мөн Сунакт баяр хүргэж, нийтлэг асуудлуудаар хамтран ажиллах нь тогтвортой байдлыг авчрах ганц арга зам хэмээн хэлсэн байна. Риши Сунак Брэкситыг дэмжиж байсан ч, Ерөнхий сайдаар Борис Жонсон биш Сунак тодорч байгаа нь азтай хэрэг гэж Европын шинжээчид үзэж байна. Учир нь түүнийг pragmatist хүн тул, эрчим хүчний асуудал, Брекситийн хэлэлцээний Умард Ирландын асуудлаар хамтран ажиллах боломжтой хүн гэж дүгнэж байна. Ирландын Ерөнхий сайд ч Сунактай хамтран ажиллахдаа баяртай байх болно гэдгээ мэдэгджээ. Хинду шашинтнуудын Дивали баярыг тохиолдуулан Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Риши Сунак Их Британийн Ерөнхий сайдаар тодорсон нь чухал түүхэн үйл явдал юм хэмээн хэлсэн байна. Хаан Чарлес Риши Сунактай уулзаж, түүнээс засгийн газар байгуулахыг урьсны дараа, албан ёсоор баяр хүргэхээр хүлээж буйгаа АНУ-ын удирдагч мэдэгдлээ. Жо Байден Лиз Трассын залгамж халааг авсан хэнтэй ч бай дотно харилцаагаа хадгална гэж өмнө мэдэгдэж байсан юм. АНУ-ын тэргүүнүүд холбоотнуудынхаа дотоод бодлогын талаар тайлбар хийхээс зайлсхийдэг бол, Лиз Трассын татвар бууруулах төлөвлөгөөг Жо Байден “алдаа" гэж тодорхойлсон нь олны анхаарлыг татаж байжээ. Америкийн NYT, Washington Post сонингууд Консерватив намын шийдвэрийг мөн сайшаасан байна, тэд эмэгтэйчүүд болон өнгөт арьстнуудыг нэр хүндтэй албан тушаалд гаргаж байгааг нь чухал үйл явдал гэж онцолжээ. Риши Сунак өнөөдөр Мягмар гарагт, Хаанд бараалхасны дараа, Даунин стрийт дэх оффис-тоо албан ёсоор заларна.