Хар тэнгисийн үр тариан санаачлагад Оросын тал эргэн нэгдсэн байна. Туркийн ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоган Лхагва гарагт гэрээ хэлэлцээр үргэлжлэнэ гэж мэдэгдлээ. Оросын төрийн мэдээллийн агентлаг “Тасс” Эрдоганы мэдэгдлийн дараахан Орос улс үр тарианы хэлэлцээрт оролцохоо үргэлжлүүлнэ гэсэн Батлан хамгаалахын сайд Сергеи Шойгугийн мэдэгдлийг дамжуулжээ.
Туркийн ерөнхийлөгч Эрдоган Парламентын хуралдааны үеэр Хар тэнгисийн үр тариан санаачлага Оросын оролцоотой үргэлжлэнэ гэж мэдэгдлээ. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Эрдогантай утсаар ярьсны дараа, 2 улсын батлан хамгаалахын сайдууд холбогдож, оросын сайд Сергеи Шойгу..Оросын тал гэрээ хэлэлцээрт оролцоогоо үргэлжлүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Өнгөрөгч амралтын өдрүүдээр Хар тэнгис дэр Оросын тэнгисийн цэргийн флот дроны халдлагад өртсөнд, санаачлагын хүрээнд тээвэрлэлт хийж байгаа иргэний хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангах боломжгүй болсон хэмээн гэрээ хэлэлцээрийн оролцоогоо зогсоосон. Тэгвэл 4 өдрийн дараа, шийдвэрээ өөрчилж, гэрээнд буцан нэгдлээ хэмээн Ройтерс агентлаг мэдээлж байна. ОХУ-ын Батлан хамгаалахын яамны мэдэгдэлд, одоогоор авсан баталгаа нь гэрээний хэрэгжилтийг үргэлжлүүлэхэд хангалттай гэж үзэж байгааг мэдэгдсэн байна. НҮБ болон Туркийн оролцооны үр дүнд, аюулгүй коридор болон боомтууд дээр Украин, Оросын эсрэг цэргийн ажиллагаа явуулахгүй гэсэн батламж бичиг авсан гэж яамны мэдэгдэлд дурджээ.
Гэхдээ Оросын оролцоогүйгээр ч үр экспорт Даваа гарагаас үргэлжилж байсанг Ройтерс уламжилж байна. Оросын ерөнхийлөгч Владимир Путин, гэрээ хэлэлцээрээс ухрах бүрэн эрхтэй ч, тэгсэн тохиолдолд гэхдээ Украинаас Турк руу хүрэх үр тариан тээвэрлэлтэд саад болохгүй гэж хэлсэн байна. Мөн мэдэгдлийн үеэр, хэлэлцээрт эргэн нэгдсний хариуд, Украинаас халдлага үйлдэхгүй гэсэн баталгааг шаардсан гэж мэдэгдсэн байна.
Крымийн Севастополь дохь Оросын тэнгисийн цэргийн флотын халдлагад Их Британийн мэргэжилтнүүд оролцсон гэж Орос мэдээлж байсан юм. Аюулгүйн коридороор зорчиж байсан Украины эсвэл барууны орнуудын түрээсийн хөлөг онгоцноос цохилт ирсэн гэж мэдэгдсэн юм. Энэ хэрэгтэй холбоотой, Их Британийн элчин сайдыг дуудуулсан талаараа Оросын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Мария Захарова өчигдөр мэдэгдсэн байна.