Шар мэдээ

Авлигатай тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал. Гэхдээ хэрхэн яаж тэмцэх вэ гэдгээ мэддэг байх учиртай. Тиймээс орон нутагт авлигын эсрэг мэдээллийг түгээж албаныхан ажиллажээ. Ингэхдээ хөдөө орон нутагт авлига гэж юу болох, түүнийг таслан зогсоох тухай мэдлэг мэдээллийг сурталчилсан ном сэтгүүл бэлэглэж ийм төрлийн булантай болгох эхлэлийг тавьсан гэнэ.   

Авлигатай тэмцэх газраас томилогдсон ажлын хэсэг баруун бүсэд ажиллах үеэрээ Увс, Баян-Өлгий, Ховд, Завхан аймгийн нийтийн номын санд ном, гарын авлага хандивлажээ. АТГ-ын албаны дарга, ахлах комиссар Т.Энхболд болон бусад ажилтнууд авлигатай тэмцэх чиглэлээр бэлтгэн гаргасан “Ашиг сонирхлын зөрчил”, “Төрийн албан хаагчийн ёс зүй” гарын авлага 2 цуврал, хүүхдүүдэд зориулсан “Найзын яриа” зурагт ном, DVD зэргийг аймгуудын номын сангийн эрхлэгч нарт хүлээлгэн өгч, авлигатай тэмцэх бодлого, үйл ажиллагааг орон нутагт дэмжин ажиллахыг тэднээс хүссэн гэнэ.

Авлигын эсрэг олон улсын өдрийг угтан АТГ-аас Үндэсний номын сан, Улаанбаатар хотын номын сан, МУИС-ийн номын сангуудад иргэдэд зориулан тусгай тасаг, булан нээж байгаатай холбогдуулан баруун аймгуудад ажилласан Ажлын хэсгээс ийнхүү орон нутгийн номын санд авлигын эсрэг утга агуулга бүхий номын фонд бүрдүүлэх эхлэлийг тавьсан гэнэ.