Монгол хэл, бичгийн шалгалтыг Бямба гарагт зохион байгуулна 

Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалтын Монгол хэл бичгийн шалгалт ирэх Бямба гарагт болох гэж байна. Оюутан залуус, сурагчдын хувьд хамгийн чухал шалгалтын нэг юм. Нийтдээ 37 мянган сурагч бүртгүүлэн шалгалт өгөхөөр болсон байна. Монгол хэлний шалгалтын босго оноо 400 байх юм.

Ирэх сарын 2-н буюу энэ Бямба гарагт Монгол хэлний шалгалт авна. ЭЕШ-ын өмнө авдаг энэ шалгалтыг нийт 37 мянган хүүхэд өгөхөөр бүртгүүлсэн байна. 2021-2022 оны хичээлийн жилд ЕБС-ийн 12дугаар ангийг 33 мянган хүүхэд суралцаж төгсөнө. Энэ удаагийн Монгол хэлний шалгалтад ЕБС-ийн 31 мянган сурагч, өнгөрсөн жил төгссөн 6000 гаруй хүүхэд бүртгүүлжээ. 

Монгол хэлний шалгалтад 37 мянган хүүхэд хамрагдана 

Өнгөрсөн хугацаанд шалгалтыг УОК-оос өгсөн журмын дагуу нэг танхимд цөөн хүүхэд байхаар зохион байгуулж байсан. Харин энэ удаад хуучин зохион байгуулалтаар буюу нэг ангид 40 орчим хүүхэд байхаар анги танхимыг бэлдсэн байна. Гэхдээ шалгуулагч бүр амны хаалт зүүх шаардлагатайг албаныхан сануулж байна.

Энэ удаагийн шалгалтад ямар нэгэн хүндэтгэх шалтгааны улмаас орж чадаагүй бол БҮТ-д хүсэлтээ гарган дараагийн шалгалтад хамрагдах боломжтой. 

Монгол хэлний шалгалтын босго оноог 400-аар тогтоосон. Шалгуулагчид eec.mn сайтын "Шалгуулагчийн булан"-д бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч шалгалт өгөх төв, заал, суудлын хуваариа хэвлэн авах боломжтой.