Ковид-19

Дэлхий дахинд өвчилсөн хүний тоо 200 мянгаар нэмэгдэж нийт халдвар авсан хүний тоо 16.1 саяд хүрээд байна. Халдвар эрчимтэй тархсан хэвээр байгаа учраас вакцин гарах хүртэл урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ үргэлжлүүлж, ард иргэддээ тогтмол зөвлөмж хүргүүлхийг ДЭМБ-аас анхааруулсаар байгаа юм. Харин зургаан вакцин эмнэлзүйн гурав дахь шатны судалгаагаа эхлүүлжээ.

Дэлхий дахинд өвчилсөн хүний тоо 200 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 16,2 /16,252,541/ саяд хүрээд байна.  Харин коронавируст халдварын улмаас 24 цагийн хугацаанд 4000 хүн нас барсан байна.

АНУ-д 64 мянга гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж халдвар авсан хүний тоо 4,2 /4,233,923/ саяд хүрчээ. Харин коронавирус халдварын улмаас 146,936 хүн нас барсан байна.

Бразилд 24 мянга гаруй хүн нэмж халдвар авч, нийт тохиолдлын тоо 2,4 /2,419,091/ сая болсон байна. Тэгвэл ковид-19 улмаас тус улсад 87 /87,004/ мянга гаруй хүн нас баржээ.

Энэтхэгт 24 цагийн хугацаанд 50 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэн, халдвар авсан хүний тоо 1,435,616 болсон байна. Халдварын улмаас мөн 32,771 хүн нас баржээ.

ОХУ 811,073 хүн өвчилж, 13,249 хүн нас бараад байна.

ЗУРГААН ВАКЦИН ГУРАВ ДАХЬ ШАТНЫ ТУРШИЛТАД ХАМРАГДАЖ БАЙНА

7-р сарын 24-ний байдлаар 160 гаруй вакцин туршилтын шатанд явж байгааг ДЭМБ-аас мэдээлжээ. Үүний 141 нь эмнэлзүйн өмнөх шатанд буюу амьтан дээр турших туршилтаа хийж байгаа юм. Вакциныг эрүүл хүнд хийдэг. Энэ ч утгаараа аюулгүй байх ёстой учир гурван шатны туршилт хамрагдах ёстой юм.  Тэгвэл өнөөдрийн байдлаар зургаан вакцин гурав дахь шатны судалгаагаа эхлүүлжээ. Дөрөв нь БНХАУ-д хийгдэж байгаа бол АНУ болон Их Британид тус бүр нэг вакцины туршилт хийгдэж байгаа юм.

“КОВИД-19” ХАРАНХУЙ, БИТҮҮ ОРЧИНД АМЬДРАХ ЧАДВАР ИХТЭЙ БАЙДАГ

4-р сарын 4-нд халдвар авсан хүний тоо 1 саяд хүрлээ гэж мэдээлж байсан. Тэгвэл өнөөдөр коронавируст халдвараар 16.2 сая хүн өвчлөөд байгаа юм. Өдөртөө 200 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, тархалт эрчимтэй явагдсаар байгаа учир ДЭМБ-аас улс орнуудад хандан зөвлөмж тогтмол хүргүүлсээр байна. Нэн тэргүүнд эрт илрүүлэх, эрт тусгаарлах, эрт эмчлэх зэрэг арга хэмжээг авах шаардлагатайг тэд зөвлөмжиндөө тусгасан. Мөн судалгааны явцад вирус хувьсаж байгааг онцолж, шинэ мэдээллээ хуваалцсаар байгаа юм. Тухайлбал коронавируст халдвар нь битүү, агааргүй, харанхуй орчинд удаан амьдардаг. Тиймээс Баар, цэнгээний газрууд болон битүү дээвэртэй зах, үйлчилгээний байгууллагууд тогтмол агаар сэлгэлт,цэвэрлэгээ хийх нь чухал гэсэн байна.