Thomas Peter/Reuters

Ковид-19

Хөлдөөсөн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс вирус илэрсэн хоёр тохиолдол БНХАУ-д гарчээ. Нэг нь Бразилаас тээвэрлэгдэж ирсэн тахианы далавчнаас илэрсэн байна.  Энэ хэрэгтэй холбогдуулан хүнсний бүтээгдэхүүнд ямар байдлаар вирус дамжиж байгаа зэрэг асуултад тайлбар хийхээр судалгааны ажлыг тус улс эхлүүлэхээр болсон байна. Харин тохиолдлын тоо Хятад улсад 99-өөр нэмэгджээ. Дэлхийн улс орнуудын нөхцөл байдлын мэдээллээс хүргэе.

Халдвар авсан хүний тоо 276 мянгаар нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 20,716,477-д хүрлээ. Мөн нас барсан хүний тоо 6000 нэмэгдэж, 752,881-д болсон байна.

ХАЛДВАРЫН УЛМААС 752 МЯНГАН ХҮН АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Тохиолдлын тоогоор эхэнд эрэмбэлэгдэж байгаа АНУ-д өчигдөр 56 мянган хүн нэмж өвчилжээ. Ингэснээр нийт тохиолдлын тоо 5,248,722 хүрсэн байна. Харин цар тахлын улмаас АНУ-д 167,106 хүн нас баржээ.

АНУ-ын дараа нийт тохиолдлын тоогоор Бразил улс нэрлэгдэж байна. Өчигдөр тус улсад 60 мянган тохиолдол шинээр бүртгэгджээ. Цар тахлын улмаас  Бразильд 105,463 хүн нас барсан бол өвчилсөн хүний тоо 3,224,876 хүрээд байна.

Энэтхэгт халдвар авсан хүний тоо 64 мянгаар нэмэгджээ. Нийт тохиолдлын тоо 2,396,637 хүрсэн бол 47,033 хүн нас бараад байна.

Харин ОХУ-д 5000 гаруй тохиолдол шинээр бүртгэгдэж, өвчилсөн хүний тоо 905,762 хүрсэн байна. Мөн цар тахлын улмаас 15,353 хүн нас баржээ. 

Коронавируст халдвар дэлхийн улс орнуудад тархаж, улмаар онц байдал зарласнаас хойш зургаан сарын хугацаа өнгөрсөн. Хүмүүсийн өдөр тутмын амьдралд олон өөрчлөлт гарч, хүнд сорилтуудтай нүүр тулж байна. Энэ цаг мөчид бид хамтарч ажиллах ёстой, мөн цар тахлыг хязгаарлах ёстой гэж ДЭМБ-ын тэргүүн өчигдөр болсон хурлын үеэр хэлжээ. Мөн хувь өөрөөсөө чадах бүхнийг хийх хэрэгтэй. Үүнд гараа тогтмол угаах, онцын шаардлагагүй бол гадуур гарахгүй байх зэрэг эрүүл мэндийн байгууллагуудаас өгч байгаа зөвлөмжийг дагах нь чухал гэсэн байна.

ГАРАА САВАНДАЖ УГААХ БОЛОМЖГҮЙ ОЛОН СУРГУУЛЬ БАЙНА

Дэлхийн улс орнууд сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлж байгаа. Үүнтэй холбогдуулан эрүүл мэндийн байгууллагаас оюутан, сурагчдыг гар угаах нөхцөл боломжоор хангах ёстойг санууллаа. 2019 онд нийт сургуулийн 43 нь савантай усаар гараа угаах боломж бүрдээгүй байна гэсэн судалгаа гарч байжээ. Олон улсын байгууллагаас хийсэн судалгаанд бүх улс орнууд хамрагдсан байна. Судалгааны дүнг үндэслэж тэд гар угаах орчинг бүрдүүлэх ёстойг анхааруулжээ.

БНХАУ-Д ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 99-ӨӨР НЭМЭГДЖЭЭ

Азийн зарим улс орны мэдээллээс хүргэе. БНХАУ-д өчигдөр нийт 99 тохиолдол шинээр бүртгэгджээ. Эдгээрээс 22 гаднаас зөөвөрлөгдсөн тохиолдол байсан бол бусад нь дотоодын халдвар байсан байна. Япон, Солонгос халдвар хүн амын дунд дахин эрчимтэй тархаж эхэлжээ. Тухайлбал Япон улсад Пүрэв гарагт 1176 шинэ тохиолдол бүртгэгдэж 11 хүн халдварын улмаас нас баржээ. Харин БНСУ-д халдвар авсан хүний тоо 14 мянгад хүрээд байна. Тус улсын эрдэмтэд халдвар авсан хүмүүсийн 30 хувь нь хөнгөн балархай, шинж тэмдэггүй байсныг онцолж, эдгээр тохиолдлууд нь бусдад халдвар тараах эрсдэл өндөр байдаг гэсэн судалгааг гаргажээ.

БНХАУ-Д ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТОО 99-ӨӨР НЭМЭГДЖЭЭ

БНХАУ-д хөлдөөсөн хоол, хүнсний бүтээгдэхүүнээс вирус илэрсэн хоёр тохиолдол бүртгэгдсэн байна. Нэг тохиолдол нь Бразилиас ирсэн тахианы далавч байсан бол хоёр дахь тохиолдол нь Эквадороос ирсэн хөлдөөсөн сам хорхой байсан бөгөөд шинжилгээнд хамруулахад вирус илэрсэн гэдэг нь батлагдсан байна. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнд вирус хэрхэн дамждаг вэ гэх асуултад хариулт өгөх зорилгоор судалгаа явуулж эхэлжээ. Мөн үүнтэй холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүнийг сайтар угаах, болгож хүнсэнд хэрэглэх хэрэгтэйг анхаарууллаа.