Японы экс ерөнхий сайд Шинзо Абэ бусдын халдлагад өртлөө. Шинзо Абэ улсынхаа баруун хэсэгт байрлах Нара хотод парламентын сонгуулийн өмнөх кампанит ажлаар нутгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр түүн рүү үл мэдэгдэх этгээд 2 удаа нуруун тус газар луу нь буудсан юм.
Японы NHK телевизийн мэдээлж байгаагаар Шинзо Абэгийн биеийн байдал маш хүнд, цус ихээр алдсан, түүнийг нисдэг тэргээр ойролцоох эмнэлэг рүү яаралтай хүргэжээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр Абэгийн зүрх нь зогссон, комын байдалтай ухаангүй байгаа гэж мэдээлж байгаа юм.
Абэгийн зүрх зогссон гэх мэдээллийг Франс-Пресс агентлаг тайлбарлан, Япончууд клиник үхлийг “зүрх уушигны систем зогссон” гэсэн үг хэллэгээр хэлдэгийг тодруулжээ.
Нара хотын цагдаа хүчнийхэн буудсан этгээдийг хэрэг гарснаас хойш хагас цагийн дараа хотын Ямато-Сайдайжи галт тэрэгний буудлын ойролцоогоос баривчилжээ. Халдлагыг үйлдсэн орон нутгийн 41 настай Ямагачи Тецуя гэх этгээд цагдаа нар түүнийг саатуулах үед эсэргүүцэл үзүүлээгүй байна. Цагдаа нар түүний халдлага үйлдэхдээ ашигласан бууг хураан авч, хэргийн дагуу мөрдөн шалгах ажил явуулж эхэлжээ.
Японы одоогийн ерөнхий сайд Фумио Кишида ажлын айлчлалаа тасалдуулан Токио хотноо эргэн ирж, бүх сайд нараа дуудуулжээ. Кишида “эмч нар Шинзо Абэгийн амь насыг аврахын төлөө бүх зүйлийг хийж байна” гэжээ.