Японы экс ерөнхий сайд Шинзо Абэгийн аминд халдахыг завдсан хэрэг гарчээ

Улс төр

Шинзо Абэ улсынхаа баруун хэсэгт байрлах Нара хотод парламентын сонгуулийн өмнөх кампанит ажлаар нутгийн иргэдтэй хийх уулзалтын үеэр түүн рүү үл мэдэгдэх этгээд 2 удаа нуруун тус газар луу бууджээ.

Хэрэг явдал орон нутгийн цагаар 11 цаг 30 минутад болсон байна. Японы NHK телевиз түүний биеийн байдал маш хүнд,  цус ихээр алдсан, эмнэлэгт  нисдэг тэргээр яаралтай хүргэсэн гэж мэдээллээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр Абэгийн зүрх нь зогссон, комын  байдалтай байна гэж мэдээлж байна. 

Нара хотын цагдаагийн алба буудсан этгээдийг хагас цагийн дараа  Нара хотын Ямато-Сайдайжи галт тэрэгний буудлаас баривчилсан байна. 41 настай нутгийн иргэн байсан гэж мэдээлж байгаа юм.  

Тэрээр Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа тэргүүлж байсан Либерал-Ардчилсан намыг дэмжин уулзалтад оролцсоор байсан юм байна. 

67 настай Шинзо Абэ Японы засгийн газрыг 2006-2007, мөн 2012-2020 оны хооронд тэргүүлж, хамгийн удаан хугацаанд Ерөнхий сайдаар ажилласан улс төрч болсон юм.