Эдийн засаг

Дампуурлаа зарласан Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хуримтлуулж  байсан нь олны шүүмжлэлийг хүлээгээд байгаа. Одоогийн салбар хариуцсан сайд нь ажлаа авснаасаа хойш 3 жил орчмын хугацаанд  Капитал банкинд мөнгө нэмж байршуулаагүй гэсэн тайлбарыг өгч байна. Цаашид Капитал банкны үндсэн хөрөнгийг барьцаалж нийгмийн даатгалын сангийн өрийг барагдуулах асуудлыг ярьж байгаа гэдгээ салбарын сайд нь мэдэгдлээ.

С. Чинзориг сайдыг "2017 оны 10-р сарын эхээр ХНХ-ын сайдаар томилогдох үед Капитал банкинд Нийгмийн даатгалын сангийн 228.1 тэрбум төгрөг байсан байна.  Тэрбээр сайдын ажлыг хүлээж авахдаа нэг ч төгрөгийг нэмж байршуулаагүй, гэрээ байгуулаагүй гэдгээ мэдэгдлээ. 2017 оны 12-р сарын 26-ны өдрийн байдлаар хадгаламжийн гэрээ дуусч, 79 тэрбум төгрөгөө авах хүсэлт тавихад банкны санхүүгийн байдал тааруу хэмээн мөнгөө авч чадаагүй байна. Гэрээгээ цааш сунгахгүй явсаар нэлээд хугацаа алдсан байна. Харин Нийгмийн бодлогын байнгын хорооноос өгсөн чиглэлийн дагуу гэрээг есөн сараар сунгажээ. Капитал банкны өр барагдуулах явц удаан байгааг хэллээ. ХНХ-ын сайд С. Чинзориг Монголбанкны Ерөнхийлөгчтэй өчигдөр уулзсан байна. Капитал банкны үндсэн хөрөнгийг барьцаалж, нийгмийн даатгалын сангийн өрийг барагдуулах хувилбарын талаар ярилцжээ.

Капитал банкны удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэлээ. Тиймээс үндсэн хөрөнгүүдийг хөдөлгөх боломжгүй болоод байгаа юм байна. Хэрэв үндсэн хөрөнгөөс өр барагдуулахаар болбол зах зээлийн үнэлгээ, чанарыг сайтар тодорхойлох шаардлагатай гэлээ. Капитал банканд Нийгмийн даатгалын сангийн 105 тэрбум төгрөг бий. Цаашид нийгмийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах байдлаар арвижуулах чиглэлээр ажиллах шийдэлд хүрээд байгаа юм байна.  Ингэвэл хүү нь тодорхой хэмжээгээр буурна. Гэхдээ хүүгийн орлогын хойноос хөөцөлдөх биш, сангийн мөнгө эрсдэлгүй байх ёстойг ХНХ-ын сайд С. Чинзориг ярилаа.