“Спутник в” вакцинаар дархлаа сэргээх тун тарих боломжгүй.
Өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд 450 мянган иргэнд халдварын эсрэг вакцины гурав дахь тун буюу дархлаа сэргээх тунг хийнэ. Үүнд 55-аас дээш насны ахмадууд, архаг хууч өвчтэй иргэд, боловсролын байгууллагын багш ажилтнууд, эмч цагдаа онцгой байдал гээд хариу арга хэмжээ авах багийхан хамрагдах юм.
Тэгвэл вакцины бүрэн тун буюу хоёр дахь тунгаа хийлгээд гурван сар болж байж дархлаа сэргээх тунд хамрагдах ёстойг мэргэжлийн хүн санууллаа. Мөн вакцины хүрэлцээ манай улсад хангалттай байгааг онцолж байна.
"Спутник" вакцин тариулсан иргэд дархлаа сэргээх тунгаар дахин спутник хийлгэх боломж манай улсад байхгүйг хэллээ. Учир нь спутник вакцин дууссанаас гадна ОХУ дахин хэзээ нийлүүлэх нь одоогоор тодорхой бус байна. Тиймээс спутник тариулсан иргэд бүрэн тунгаа аваад гурван сар болсон бол Файзер, Астразенека эсвэл Вероселл вакцинаас сонгон тариулах боломжтойг хэллээ.
Улсын хэмжээнд вакцинд хамрагдах ёстой иргэдийн 67 хувь эхний тунгаа хийлгэсэн бол 64.1 хувь нь бүрэн тунгаа аваад байна. Дархлаа сэргээх тунг эхний ээлжинд 55-аас дээш насны ахмадуудад хийсний дараа насны хязгаарыг доошлуулна гэж төлөвлөжээ.
Иргэдийн тухайд дархлаа сэргээх тунг хийлгэх эсэх дээр олон төрлийн эргэлзээ гарч байна. Тэгвэл дархлаа сэргээх тун нь дельта мутаци эрчимтэй тархаж байгаа өнөөгийн нөхцөлд халдвар авахаас 100 хувь хамгаалж чадахгүй ч хүндрэл нас баралтаас өндөр хувьтай хамгаална гэдгийг хэллээ.