Эдийн засаг

Үндэсний статистикийн хороо энэ оны эхний наймдугаар сарын нийгэм эдийн засгийн статистик мэдээлэл танилцууллаа. Коронавируст халдварын улмаас төсвийн орлого олон их наядаар тасалдаж байгааг онцолж байна. Өнөөдрийн байдлаар төсвийн орлого 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай байгааг статистикчид хэллээ.

Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 8 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 6.1 их наяд төгрөг, үүнээс нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь 5.7 их наяд төгрөг болжээ. Нийт тэнцвэржүүлсэн орлого, тусламж нь нийт орлогын 93.7 хувийг эзэлж байна. Нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 8.3 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн нийт тэнцэл 2.7 их наяд төгрөгийн алдагдалтай гарсан тухай ҮСХ-ноос мэдээллээ.

Татварын нийт орлого эхний 8 сард 5.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр буурахад орлогын албан татвар 375.5 тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 245.2 тэрбум төгрөг, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 173.0 тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 165.8 тэрбум төгрөг, онцгой албан татвар 80.6  тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 38.9 тэрбум төгрөгөөр буурсан нь голлон нөлөөлжээ.

Худалдааны салбарын нийт борлуулалт 2020 оны эхний 7 сард 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.4 их наяд төгрөгөөр, өмнөх сараас 212.5 тэрбум төгрөгөөр буурчээ. Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 2020 оны эхний 7 сард 6.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 972.0 тэрбум төгрөгөөр, бөөний худалдааны борлуулалтын орлого 7.0 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 468.6 тэрбум төгрөгөөр тус тус буурсныг судалгаа харуулжээ.