Улсын хэмжээнд давхардсан тоогоор нийт 1,398,592 иргэн дархлаажуулалтад хамрагджээ
Монгол улсад 2 сарын 23-аас эхлэн дархлаажуулалтын ажил эхэлсэн. Тэгвэл өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд давхардсан тоогоор 1,398,592 иргэн дархлаажуулалтад хамрагджээ. Үүнээс 950 орчим иргэн эхний тундаа хамрагдсан бол 451 мянга гаруй нь 2 дахь тундаа хамрагдаад байна. 5 сарын 9-өөс дархлаажуулалтын цэгийг цөөлнө. Тиймээс иргэдийг, тэр тусмаа нийслэл хотод түр оршин суугаа орон нутгийн иргэдийг яаралтай дархлаажуулалтад хамрагдахыг ЭМЯ-аас уриаллаа.
Монгол улс 7 сарын эхэн гэхэд 2 сая 60 мянган иргэнээ дархлаажуулалтад хамруулсан байхаар төлөвлөн ажиллаж байгаа. Энэ нь 18-аас дээш насны иргэд юм. Харин 18-аас доош насны иргэдийг дархлаажуулах ажил дэлхий дахинд ч явагдаж эхлээгүй байна. Вакцины хариу урвалыг эрдэмтэд судалж байгаа гэсэн юм. Харин Улсын хэмжээнд орон нутгийн вакцинжуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Тодруулбал өчигдөр 93 мянган тун вакциныг орон нутаг руу хүргүүлжээ. Тиймээс 50-иас дээш насны иргэд дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриаллаа.