Өнөөдрийн байдлаар 8000 гаруй хүн гэрээр эмчлүүлж байна. Эдгээр нь биеийн байдал хөнгөн хүмүүс юм. Бүгд өрхийн эрүүл мэндийн төвийн хяналтад байгаа. Хэрэв хүндэрвэл яаралтай эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх зохицуулалттай байгаа. Эдгээр өвчтөнүүдийг 10-14 хоногийн хугацаанд эмчилж байгаа гэсэн юм.
Гэрээр эмчлүүлж байгаа эрсдэлт бүлгийн хүмүүст дархлаа сайжруулах бэлдмэл, вирусийн эсрэг эмийг өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулан олгож байгаа юм. Эмчилгээний багцыг олгохдоо өрхийн эмч тухайн хүмүүсийн биеийн байдал, эмнэл зүйн шинж тэмдгээс хамаарч олгоно. Өөрөөр хэлбэл, хүн бүрт эмчилгээний багц өгнө гэсэн үг биш юм. Учир нь ДЭМБ-аас хөнгөн хэлбэрийн хүмүүст вирусийн эсрэг эмчилгээ хийхгүй байхыг зөвлөжээ. "Ковид-19" халдварын хөнгөн хэлбэрээр өвдсөн тохиолдолд эмчилгээний заавар журамд, шингэн зүйл сайн уух, дархлаагаа дэмжих, эмчийн хяналтад байх хэрэгтэйг зөвлөжээ. Тиймээс энэ дагуу эмчилж байгаа гэсэн юм. Мөн халдварын онош нь хөнгөн байгаа иргэд вирусийн эсрэг эмийг заавал эмчийн заавраар ууна гэдгийг анхаарууллаа.