ЭМДЕГ-ын дэд дарга Г.Гийхнаран: “Хөнгөлттэй эмийг авахад нэлээд хүндрэл гардаг байсныг та бүхэн мэдэж байгаа. Төсөв буурчихдаг, төсөвтэй эмийн санд яваад очихоор тухайн иргэний авах гэсэн эм байхгүй гэх мэт. Өмнө нь зөвхөн өрхийн эмнэлэг дээр хөнгөлттэй эм бичдэг байсан бол одоо бүх шатны эмнэлэг дээр бичиж байна. Өрхийн эмнэлэг дээр оочерлож оочерлож эмээ бичүүлэхээр хүчинтэй хугацаа нь дуусчихдаг. Хэдэн ч төгрөгийн төсөвтэй эмийн сан байлаа гэхэд эхний гурав хоногт эм нь дуусчихдаг.
Харин энэ хуулийн шинэчлэлийн хүрээнд бүх шатны эмнэлгүүд хөнгөлөлттэй эмийг бичдэг эрхийг нээж өгсөн. Дээрээс нь төсөв авах асуудал дээр хууль бус хуурамч зүйл гарах тохиолдол байдаг байсан. Эмч нартайгаа ямар нэгэн сүлжээнд орчихсон эмийн сан ч байсан. Одоо бол эмийн нэр төрөл сайжирсан, оочер дараалал байхгүй болсон. Эмийн сонголт ч арвин болсон байгаа. Хуучин бид нар жилдээ 30 гаруй тэрбум төгрөгийн хөнгөлттэй эмэнд төсөвлөөд эхний 4 хоногийн эмийн үнийг даадаг байсан бол одоо сарын 5 тэрбум төгрөг төсөвлөдөг болсон. Төсөв дууссан байна, эм олдохгүй байна гэсэн асуудал байхгүй болсон” гэлээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮХ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХАД ХУРУУНЫ ХЭЭГЭЭ УНШУУЛНА
ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоолоор эрүүл мэндийн байгууллагын бүх үйчилгээ хурууны хээгээр явахаар болжээ. Мөн эрүүл мэндийн үйлчилгээний чанар, тусламж үйлчилгээ дээр ЭМДЕГ-аас хяналт тавих аж. Тиймээс албаныхан хурууны хээ маш их ач холбогдолтой гэдгийг хэлж байна. Жишээлбэл, Баян-Өлгий аймгийн Сагсай суманд иргэн тэнд хурууны хээгээ уншуулаад эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ авсан байна. Харин дараа нь шаардлага гараад хотод ирж Улсын төв нэгдүгээр эмнэлэгт үзүүлэхдээ хурууны хээгээ уншуулахад Сагсай суманд эмнэлгийн ямар тусламж үйлчилгээ авч байсан мэдээлэл, өвчний түүх нь бүгд дурайгаад гараад ирнэ гэсэн үг юм.