Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн үйлдвэрчний эвлэл, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын нэгдсэн холбоо 2019 оны хэлэлцээрээ дүгнэлээ. Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, эмч мэргэжилтнүүдийн нийгмийн халамж сайжруулах, эмнэлэг аж ахуй нэгжүүдэд хийхээр төлөвлөсөн ажил нь 93.9 хувийн биелэлттэй байгааг талууд онцоллоо. Мөн ирэх онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулсан байна.

 ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН АЖИЛТНУУДЫН МЭДЛЭГ, УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛНЭ

Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбоод өнөөдөр 2017-2019 оны салбарын хамтын хэлэлцээрийн биелэлтийн талаар ярилцаж, үр дүнг 93.9 хувьтай гэж дүгнэлээ. Хамтын ажиллагааны хүрээнд бодитой үр дүн гарсныг талууд ярилаа. Эрүүл мэндмин салбарын ажилтнуудын хөдөлмөр, бүтээлийг үнэлэх, нийгмийн хамгааллын асуудал, цалин, урамшууллыг нэмэгдүүлэх гээд олон дэвшил гарсныг салбарын сайд ярьж байна. Энэ нь Эрүүл мэндийн яам, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны хамтын ажиллагааны үр дүн гэж үзлээ.

2020-2021 онд хамтран ажиллах хэлэлцээрийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар, Монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Б.Даш-Яндаг нар байгуулж, гэрээнд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны хүрээнд эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн асуудал, цалин хөлс, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, эмнэлгийн мэргэжилтэний мэдлэг ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.