Коронавирусийн хүндрэлээр өдөрт дунджаар 5 иргэн амиа алдаж байна. Нас барж байгаа иргэд идэр залуучуудаас эхлээд өндөр настан, архаг хууч өвчтэй, дөнгөж төрсөн нялх биетэй эмэгтэйчүүд гээд олон янз байна. Бид 37 настай 4дэх хүүхдээ хэвлийдээ тээж байгаад халдвар авч цар тахлын хүндрэлээр нас барсан эмэгтэйн ар гэрийнхэнтэй холбогдож мэдээлэл авлаа. Талийгаач бүсгүйн хоолой сэрвэгнэж, бага зэрэг ханиалгаж байжээ. Тиймээс 5 сарын 26-нд коронавирус шинжилгээний өгч үзэхэд эерэг гарсан байна. Ийнхүү харьяа дүүргийнхээ эмнэлгүүдэд хандаж тусламж хүсч гэртээ гурав хоносон байна. Ингээд байдал хүндэрч тавдугаар сарын 28-нд эх нялхаст хүргэгджээ. Харин энэ сарын 1-ээс 2-нд шилжих шөнө эмч нар яаралтай хагалгаа хийн хэвлийд байсан хүүхдийг эсэн мэнд төрүүлсэн байна. Гэвч ээжийн бие сайжрахгүй байсаар төрснөөс хойш 14 хоногийн дараа нас баржээ. Бүсгүй дөнгөж төрсөн учир тэнхэлгүй сулбагар байхын сацуу өрөөсөн уушгиндаа хатгаатай гэж оношлогджээ. ХӨСҮТ-ын сэхээн амьдруулах тасагт унтуулгын байдалтай найм хоног эмчилгээ хийлгэсэн ч харамсалтай нь амиа алджээ. Одоогоор төрсөн нярайн биеийн байдал хэвийн байгааг хэллээ. Талийгаачийн ах Л. Бямбадорж “Хэрэв жирэмсэн эмэгтэйчүүдээ эртнээс дархлаажуулалтад хамруулсан бол, ковид туссаныг нь арай эрт мэдсэн бол, шинжилгээ өгөх гэж, хариу нь гарах гэж удаж хугацаа алдалгүй хурдан халдвартайг нь мэдчихсэн бол эрт эмчилгээ хийж дүүгээ аврах боломж байсан ч юм билүү гэж халаглан сууна.