Эрүүл мэнд

Жил бүр томуу төст өвчин хүчтэй тархаж, эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Олон жил явж ирсэн энэ асуудлыг цэгцэлж хүүхэд багачуудаа өвчнөөс хамгаалах зорилгоор Эрүүл мэндийн яам дэлхийн эрүүл мэндийн байгууллагад дахин хүсэлт тавьжээ. Хүсэлтийн хариуд томуу томуу төст өвчний эсрэг хэрэглэх эм бэлдмэлийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Энэ эмийг өвчлөл өндөр байгаа дүүргүүдийн хүүхдийн эмнэлэг, амаржих газруудад хуваарилан өгөх юм.

ЭМЯ-наас улирлын томуугийн үед хэрэглэх уг эмийн хэрэгцээ шаардлага гардаг тул наймдугаар сард ДЭМБ-д хүсэлт гаргаж, 25,020 ам.долларын үнэ бүхий 5,004 хүн тун эмийг үнэ төлбөргүй хүлээн авч байгаа юм байна. Осельтамивир эмийг анх манай улсад 2009 онд томуугийн А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж эхэлжээ.

Тус эм нь ДЭМБ-ын зайлшгүй шаардлагатай эмийн 20 дахь загвар жагсаалт болон манай улсын зайлшгүй шаардлагатай эмийн 8 дахь жагсаалтад орсон, томуу, томуу төст өвчний эмнэлзүйн удирдамжид заагдсан вирусийн эсрэг үйлчилгээтэй эм юм.

Осельтамивир эмийг хуваарилснаар томуу, томуу төст өвчний үед тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах, эмийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд томуу томуу төст өвчний нөхцөл байдал хяналтанд байна гэдгийг дүүргийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байна. Улирлын томуугийн үед эмнэлгүүд бэлэн байдалд ажиллаж байгааг онцоллоо.

 

ФЭЙСБҮҮК ШУУД