Арбидол эм нь зөвхөн коронавируст халдварыг эмчлэх зориулалттай эм биш. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч зөвхөн коронавируст халдварын үед хэрэглэнэ гэж зарлаагүй болохыг ЭМЯ-наас мэдээллээ. Манай улсын хувьд коронавирусийн эсрэг өвөрмөц үйлдэлтэй эмийн жагсаалтад энэ эмийг бүртгэсэн байсан. Түүнээсээ хасч, ердийн эмийн жагсаалтад оруулжээ. Үүнийг коронавируст халдварын эмчилгээний жагсаалт болон эмийн сангийн борлуулалтаас буцаан татсан гэж ойлгож болохгүйг салбар яамнаас мэдээллээ.
Ердийн эмийн жагсаалтад оруулсан нь эмийн үйлчлэх хүрээг тэлсэн гэж ойлгож болно. Арбидол нь зөвхөн коронавируст халдварыг эмчилдэг эм биш бусад вирусийг ч мөн эмчилдэг байна. Эм бүх эрхтэнд сайнаар нөлөөлөхгүй тул эмийг заавал эмчийн заавраар уух ёстой. Коронавируст халдварын үед иргэд эмчийн зааваргүй антибиотикийн төрлийн эмийг өөрийн дураар ууж хэрэглэх тохиолдол гардаг. Хүн бүрийн биеийн онцлог, шинж тэмдгийг тодорхойлсны үндсэн дээр тохирох тун хэмжээг эмч бичиж өгдөг гэдгийг эмч мэргэжилтнүүд санууллаа.