Монгол Улсын Шадар сайдын тушаалаар байгуулсан ажлын баг Дархан-Уул аймагт ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаагаар ахлуулсан ажлын баг өнөөдөр 09:00 цагт аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай уулзлаа. Уулзалтын эхэнд ковидын нөхцөл байдал, хариу арга хэмжээг хэрхэн авч байгаа талаарх мэдээллийг аймгийн Онцгой комиссын гишүүд ажлын багт өгч харилцан санал солилцлоо. Дэлхий нийтээр тархсан өвчлөлийг дан ганц аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн салбарын хийх ажил гэж орхиж болохгүй. Иргэн-Төр нэгдэн нийлж ажиллах нь чухал гэдгийг онцолж байлаа.
Эрүүл мэндийн сайдын халдварт өвчин тандалт судалгааны асуудал хариуцсан зөвлөх, доктор А.Амбасэлмаа: “Дархан-Уул аймаг коронавирусний халдварыг эрт илрүүлэх сайн дурын шинжилгээг тогтмол хийх, хариу арга хэмжээг сайн авч ажиллаж байгаа аймаг. Мөн улсын хэмжээнд халдвар нь тогтворжиж буй аймгийн нэг нь Дархан-Уул” гэдгийг онцолж байлаа.
Цаашид эмнэл зүйн менежментийг сайжруулж халдварыг хохирол багатай давах хэрэгтэйг зөвлөлөө. Дээрх ажлын баг нь Онцгой комиссын гишүүдэд яг одоо хариу арга хэмжээний явцын үнэлгээ хийх, орон нутгийн тохиолдлын багийг чадавхжуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, ажлын байран дээрх сургалтыг Шуурхай штабын байранд явуулж байна.