Гэрээр эмчлэгдэж байгаа иргэдэд 160 мянган төгрөгийн эмийн багц хүргүүлж байгаа. Гэхдээ хүн бүрд харилцан адилгүй эм ирж байгааг иргэд хэлж байна.
Тэгвэл өрхийн эрүүл мэндийн төвүүд хүмүүсийнхээ биеийн байдал, насны онцлог зэргээс хамаарч 4-5 төрлийн эмийн багц хүргүүлж байгааг мэдээллээ. БЗД-ийн 5-р хорооны “Хасагт-Эрдэнэ” ӨЭМТ-ийн хувьд коронавирусээр өвчилсөн иргэдэд 4-5 төрлийн эмийн багц бэлтгэж, коронавирусийн халдвар батлагдсан иргэдэд түгээж байгаа юм.
Тодруулбал, 0-6 нас, 6-12 насны хүүхдүүд, архаг суурь өвчтэй хүмүүс, жирэмсэн эхчүүдэд зориулсан багц бэлтгэжээ.
Сүүлийн өдрүүдэд халдвар эрчимтэй нэмэгдэж байгааг эмч нар ярьж байна. Тухайлбал сүүлийн 10 хоногт гэхэд энэ хороонд 1298 тохиолдол шинээр бүртгэгдэж өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал эрс нэмэгдэн хүний нөөцийн дутагдалд оржээ. Тиймээс сайн дурын гурван ажилтан авсан байна. Тэд эм хүргэх, савлах зэрэгт тусалснаар эмч нар амбулторийн үзлэгээ хийхэд цаг гарах болсныг тодотголоо.
Сайн дурын ажилчид өглөө 8:30 цагт ажлаа эхэлж, зарим өдөр 23:00 цаг хүртэл ажиллах тохиолдол гардаг гэдгийг ярьж байна. Гэсэн хэдий ч цар тахлын хүнд энэ үед иргэдээ эмээр тасалдуулахгүй байх тал дээр анхаарч ажиллаж байгаагаа онцоллоо.
Цар тахлын хүнд үед иргэдийг ухамсартай байхыг уриалж, сайн дураар ажиллах иргэдийн тоог нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ.