Эрүүл мэнд

Засгийн газар Нийслэлийн сурагчдын амралтыг 7 хоногоор сунгасан. Шалтгаан нь ханиад томуу их байгаатай холбоотой. Манай сурвалжлах хэсэг бодит байдлыг сурвалжиллаа. Нийслэлийн хүүхдийн эмнэлгүүд ачаалал янз бүр байна. Зарим дүүрэгт нэг тасагт 4-5 хүүхэд хэвтэн эмчлүүлж байхад захын дүүрэгт ачаалал 2 дахин нэмэгдсэн гэдгийг эмнэлгийн байгууллагынхан хэлж байна

СХД-ийн хүүхдийн нэгдсэн эмнэлэг 165 ортой ч хоёр дахин ачаалалтай ажиллаж байна. Нэг палат, тасагт 4-5 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Мөн ор хүрэлцээгүй байгаа учраас нэмэлтээр эвхдэг ор дэлгэсэн байлаа. Нийт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн дийлэнх хувийг 0-2 насны бага насны хүүхэд эзэлж байна. Мөн эмнэлгийн зүгээс өдрийн үзлэгийн амбулаторийн хэсгийг тохижуулж, нэмэлтээр 20 гаруй тасаг нээсэн байна. Ачаалал их байгаа учраас эмнэлгийн зүгээс ажиллах хүчийг нэмэгдүүлж, тэтгэвэрт гарсан хүүхдийн эмч нарыг мөн ажиллуулж байгаа гэлээ.

Харин Нийслэлийн Хан-Уул дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хувьд мөн л ачаалал их байлаа. Эмнэлгийнхээ 2 давхрын насанд хүргэгчдэд зориулсан хэвтэн эмчлүүлэх хэсгийг хүүхдийн нэмэлт тасаг болгожээ. Томуу томуу төст өвчний дэгдэлт өндөр, өвчилж байгаа тохиолдол их байгааг эмнэлгийн удирдлага хэллээ. Тиймээс холбогдох арга хэмжээ, бусад зохицуулалтыг хийж эхэлсэн гэлээ.

Томуу томуу төст өвчний дэгдэлтийн оргил саруудад хүүхдийн эмнэлгүүдэд энэ хэрээний ачаалал үүсдэг. Улирлын чанартай томуугийн өвчлөл нэмэгддэг учраас эмнэлгүүд дотоод нөөц бололцоогоо ашиглан зохицуулалт хийж, ирсэн хүүхэд бүрийг хүлээн авч, шаардалагатай үзлэг эмчилгээг хийхэд анхаарч байгаа гэлээ.