Эрүүл мэнд

Тухайлбал Италийн засгийн газар халдварын тохиолдол хамгийн өндөр байгаа улсынхаа хойд бүс нутгийн 14 мужийн хэмжээнд өргөн хүрээний хорио цээрийн хяналт тогтоох шийдвэр гаргажээ. Өнөөдөр энэ улсад COVID-19-ийн халдварын улмаас 133 хүн нас барж, нийт нас баралтын тоо 366 болоод байна. Түүнчлэн халдварын тоо 25%-иар нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 7,375 болж өсчээ. 

Италийн эрх баригчид COVID-19-ийн халдварын тохиолдол өндөр байгаа мужуудад эдгээр мужуудаас орох гарах, хоорондоо зорчих хөдөлгөөнийг хааж, хяналт шалгалтаа өндөрсгөсөн байна. Түүнчлэн сургууль цэцэрлэг, боловсролын бүх түвшний байгууллагын үйл ажиллагааг зогсоож, кино театр, музей зэрэг соёл урлагийн байгууллагыг нийтэд үйлчлэхийг хоригложээ. Мөн хүн олноор цугларах арга хэмжээ, тухайлбал спортын уралдаан тэмцээнийг хойшлуулж, баар рестораны үйл ажиллагаанд цагийн хязгаарлалт хийж, нэгж талбайд оногдох хүний тоог цөөрүүлэх зэрэг арга хэмжээ авахаар болжээ. 

Түүнчлэн амьсгалын замын өвчний шинж тэмдэг илэрсэн, мөн 37,5 болон түүнээс дээш халуунтай байгаа хүмүүсийг өөрсдийгөө гэр орондоо сайн дураараа тусгаарлаж, гадагшаа гарахгүй, бусад хүмүүстэй харилцахаас татгалзахад уриалж байгаа юм. Италид нийтдээ онцгой байдлын дэглэм мөрдөгдөж байгаа бүсэд 16 сая орчим хүн амьдарч байгаа гэсэн тоог энэ улсын засгийн газраас нэрлэж, шаардлагатай бол онцгой байдлын дэглэмд хамрагдаж байгаа бүсийг тэлэх болно гэжээ.