Омикрон хувилбар гарснаас хойш сар гаруйн хугацаанд манай улсад 104 онгоцоор 10,544 хүн иржээ. Гадны улс орноос болоод энхийг сахиулах ажиллагаанд оролцоод ирсэн зарим алба хаагчийн ПСР шинжилгээ Омикрон хувилбар байх эрсдэлтэй хариу гарсан гэж байна. Тиймээс сүүлийн гурван сарын 100 орчим эрсдэлтэй сорьцыг Япон Улс руу явуулжээ. Манай улс өнгөрөгч 12-р сарын сүүлээс коронавируст халдварын Омикрон хувилбарыг илрүүлэх тусгай төхөөрөмжийг ажиллагаанд оруулж дотоодод шинжилж эхлээд байгаа билээ.
Омикрон хувилбар нь бусад төрлийн мутациас ялгарах онцлог нь сэртэнгийн уураг буюу S ген байхгүй. Үүнийг манай улс ПСР оношлуур дээр суурилан шинжлэх боломжтой гэж мэдэгдэж байгаа юм. Тэгвэл өнгөрсөн 12-р сарын сүүлээр Өмнөд Суданаас ирсэн 241 энхийг сахиулагчийн 120-иос нь ковид-19 халдвар илэрсэн. Үүний дотор S ген байхгүй Омикрон хувилбар байж болзошгүй хэд хэдэн тохиолдол гарчээ. Мөн гадны улсаас ирсэн хэд хэдэн иргэний ПСР шинжилгээ Омикрон хувилбар байх магадлалтай байгааг салбар хариуцсан сайд хэллээ. Манай улс Омикрон байж болзошгүй сорьцуудыг дотоодод шинжлээд зогсохгүй Япон Улс руу илгээсэн байна.
Ковид-19 халдварын Омикрон хувилбар бусад мутацийг бодвол халдварлах чадвар 2.5 дахин их гэж байгаа. Манай улсад дельта давалгаа оргил үедээ хүрч тархаж байхад өдөрт 4000 тохилдол бүртгэгдэж байсан. Тэгвэл Омикрон хувилбар тархсан тохиолдолд өдөрт бүртгэгдэх халдвар 10 мянга хүрэхээс 3000 мянга нь хүндэрч эмнэлэгт хэвтэх магадлалтай гэж эрдэмтдийн баг үзсэн. Өндөр хурдаар тархаж байгаа Омикрон хувилбар манай улсад тархах нь цаг хугацааны асуудал гэдгийг Эрүүл мэндийн сайд хэллээ.
Омикрон хувилбар байж болзошгүй сорьцуудыг Япон Улс руу өнгөрсөн 12-р сарын сүүлээр илгээсэн байна. Тус шинжилгээний хариу энэ сарын сүүлээр гарна гэдгийг хэллээ. Мөн дотоодод шинжилж байгаа шинжилгээний хариунууд эцсийн байдлаар энэ сарын сүүл үеэр гарна гэдгийг хэлж байна.