3-р тундаа хамрагдаад 3 сар болсон иргэдийг сайн дураар 4-р тунд хамрагдахыг уриаллаа 

Ковид-19 /дотоод/

Ковид-19 коронавируст халдварын шинэ мутаци болох Омикрон хувилбар дэлхийн 138 улсад бүртгэгдээд байна. Манай улсад тархах нь цаг хугацааны асуудал тул Засгийн газар вакцинжуулалтыг эрчимжүүлэх шийдвэр гаргалаа. Тодруулбал 3-р тундаа хамрагдаад 3 сар болсон иргэдийг сайн дурын үндсэн дээр 4-р тунгийн вакцинаа хийлгэхийг уриалж байна. Мөн цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах багт ажиллаж байгаа төрийн алба хаагч нарт вакцины дөрөвдүгээр тунг хийж эхлэхээр шийдвэрлэлээ.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дээр УОК-оос ковид-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгчээ. Сүүлийн саруудад буурч байсан халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай болсон нь 12 р сард болсон шинэ жилийн арга хэмжээнүүдтэй холбоотой гэж үзсэн байна.

ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ВАКЦИНЫ 4-Р ТУНГ ХИЙЖ ЭХЭЛНЭ 

Ковид 19 халдвартай зэрэгцээд томуу томуу төст өвчний тархалт өндөр болж эмнэлгүүдийн ачаалал эргэн нэмэгдэж эхэлсэн. Тиймээс ирэх долоо хоногоос ковид-19 халдварын эсрэг вакцины 4-р тунг иргэдийн сайн дурын үндсэн дээр хийж эхлэхээр боллоо.

3-Р ТУНГИЙН ҮЙЛЧЛЭЛ 2-3 САРЫН ДАРАА БУУРЧ БАЙГАА СУДАЛГАА ГАРЧЭЭ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага вакцины дөрөвдүгээр тунг хийж болно гэж заавар зөвлөмж ирүүлээгүй. Гэхдээ дэлхийд вакцинжуулалтаар тэргүүлж, халдварыг тодорхой түвшинд хумьж байгаа орнуудын туршлага судалгаан дээр үндэслэн дөрөвдүгээр тунг эхлүүлж байгааг салбар хариуцсан сайд хэллээ.

ЦАР ТАХЛЫН ЭСРЭГ АЖИЛЛАЖ БАЙГАА ТӨРИЙН АЛБА ХААГЧДЫГ ВАКЦИНЫ ДӨРӨВДҮГЭЭР ТУНД ХАМРУУЛНА 

Олон улсын байгууллагын судалгаагаар вакцины гурав дахь тунгийн үйлчлэл дунджаар 2-3 сарын дараа суларч байгаа тул бүүстэр тун хийлгээд гурван сар болсон иргэдийг 4-р тунд хамруулахаар шийджээ. Вакцины хадгалалт, хугацаанд иргэд эргэлзэх зүйгүйг онцоллоо.

Өнөөдрийн байдлаар вакцины 3-р тунд нийслэлийн иргэдийн 42.3 хувь хамрагдсан бол улсын хэмжээнд зорилтот бүлгийн 30 орчим хувь хамрагджээ. Ирэх долоо хоногоос цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах багийн буюу эмч, цагдаа, онцгой байдлын алба хаагчдад дөрөвдүгээр тунгийн вакциныг хийж эхэлнэ. Дөрөвдүгээр тундаа ямар вакцин хийлгэхээ иргэд өөрсдөө сонгох юм.