Эрүүл мэнд

Улс орон даяар онц дэглэмтэй байгаа энэ үед зүрхний хавсарсан гажигтай хүүхдүүд хагалгаандаа орж чадахгүйд хүрчээ.  Хоёр сарын эхээр товлогдсон хагалгааг Бээжин хотоос эмч нар ирж хийх ёстой байсан бол өөр нэг тохиолдол нь Хөх хотыг зорих ёстой байжээ.  Харин хөл хорио тогтоосноор хүүхдүүд одоог хүртэл хагалгаандаа орж чадаагүй байна.  Энэ тухай эцэг эхчүүд нь Улсын онцгой комисст хандаж хариугаа хүлээж байгаагаа уламжиллаа. 

2019 оны 2 сарын 19-нд төрсөн Т.Билэгт зүрхний төрөлхийн дөрвөлсөн гажигтай төрсөн байна. Тодруулбал гол судас, баруун ховдлоос гарсан, ховдол хоорондын таславч 0.7 см, уушгины артерийн судас нарийн гэсэн оноштойгоор Монголд эмчлэгдэх боломжгүй гэжээ. Өнгөрсөн сарын 4-нд Хөх хотод хагалгааны зардлыг хувийн компани дааж, хагалгаанд орохоор төлөвлөсөн байжээ. 

10 сартай Б.Аззаяа охины тухайд мөн л зүрхний төрөлхийн гажигтай, Монголд эмчлэх боломжгүй гэдэг хариу сонссон байна. Гэхдээ манай улсад өнгөрсөн сарын 10-нд БНХАУ-ын Бээжин хотоос эмч нар ирж хагалгаа хийхээр төлөвлөсөн байсан ч коронавирусын халдвараас шалтгаалан цуцлагджээ.

Монголд эмчлэгдэх боломжгүй, яаралтай хагалгаанд орох шаардлагатай тохиолдол нэгээр тогтохгүй байгааг ээж нар хэлж байна. Эдгээр хүүхдүүдийн хувьд хөл хорио тавигдахын хүлээх боломжгүй гэлээ. Нэгээс хоёр сарын турш ЭХЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Яаралтай хагалгаа учраас УОК-д мэдээлэл хүргүүлсэн ч одоогоор хариу тайлбар өгөөгүй байгааг ээж нар хэлж байна. Коронавирусын халдвар илрээгүй улс оронд буюу Турк, Энэтхэг зэрэг улсад эмчлүүлэх боломжтой ч эмчилгээний зардалд 60-70 сая төгрөг шаардлагатай болжээ. Тиймээс элэг нэгт ахан дүүсээсээ тусламжийн гараа сунгахыг хүслээ. Хагалгаа хийлгэсэн тохиолдолд эдгэрэх магадлал 100 хувь гэдгийг гадны эмнэлгийн зүгээс мэдэгджээ.