Дельта хувилбараар өвдсөн иргэдийн 50-иас дээш хувьд ханиадны шинж тэмдэг илэрч байна.
Шинээр батлагдсан 3696 тохиолдлын 1028 нь нийслэлд бол 2668 тохиолдол орон нутгаас бүртгэгдлээ.
Одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдээс 4430 хүн хүндэвтэр байгаа бол 1332 хүний биеийн байдал хүнд байна. Хүнд болон маш хүнд хүний тоо тогтмол өсч байна.
41-80 насны зургаан иргэн нас барлаа
Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь маш хүнд 222 хүн эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийлгэж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Хоногт зургаан иргэн нас барснаар халдварын улмаас эндсэн хүний тоо 948-д хүрсэн байна. Эмнэлгийн ачаалал, орны хүрэлцээ муу байгаа тул шинээр халдвар авсан иргэдийг хэвтүүлэн эмчлэх эсэхийг ӨЭМТ эрэмбэлэн ажиллаж байгаа юм.
Өдөрт илэрч байгаа нийт тохиолдлын 35-аас дээш хувьд дельта мутаци илэрч байна. Дельта мутацийн вирусээр өвдсөн иргэдийн 50-иас дээш хувьд толгой өвдөх, хамар битүүрэх, нусгайрах, хоолой өвдөх зэрэг ханиадтай ижил шинж тэмдгүүд илэрч байгааг хэллээ.
Манай улсад өмнө нь ковид-19 халдварын томоохон хоёр давалгаа үүсч байсан. Харин одоо үүсээд байгаа дельта вирусийн давалгааг аль болох хөл хорио тогтоохгүйгээр даван гарахаар төлөвлөж байгаа албаны хүмүүс хэллээ.
Ингэхдээ вакцины дархлаа сэргээх тунг аль болох хурдан хугацаанд хийхээр төлөвлөсөн тул иргэд дор бүрнээ хариуцлагатай байхыг Эрүүл мэндийн яамнаас сануулж байна.