Дельта вирусийн давлагаа 9-р сарын дундаас оргил үедээ хүрнэ.
Шинээр бүртгэгдсэн 3638 тохиолдлын 810 нь нийслэл хотод бол 2828 нь орон нутагт бүртгэгджээ. Ковид -9 халдварын томоохон давалгаа өмнө хоёр удаа үүсч өдөрт бүртгэгдэх халдвар хамгийн ихдээ 2800 давж байсан. Тэгвэл дельта хувилбарын шинэ давалгаа үүссэнээс хойш өдөрт бүртгэгдэх халдвар 3800 давж байна.
Цаашид халдварын тархалт нэмэгдэхийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. Энэ сарын дунд үеэс дельта вирусийн халдвар оргил үедээ хүрч нийслэлд бүртгэгдэх тохиолдлын тоо өдөрт 900 давна гэдгийг сануулж байна.
Аймаг, нийслэл, дүүрэг сум бүрээс илэрч байгаа халдварын шинжилгээнд дельта вирусийг илрүүлэх тандалтын судалгаа хийжээ.
Сүүлийн долоо хоногийн байдлаар нийт илэрч байгаа халдварын 35-аас дээш хувьд дельта хувилбар бүртгэгдэх болжээ.
Орон нутагт хоногт бүртгэгдсэн халдвараас хамгийн өндөр нь Ховд аймагт буюу нийт 358 хүнээс халдвар илэрсэн байна.
Мөн Дорнод, Баянхонгор, Булган, Өмнөговь, Дархан-Уул аймгуудад халдварын тохиолдол өндөр бүртгэгдэж нөхцөл байдал амаргүй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
Дархан-Уул аймагт 188 сорьц шинжилснээс 172 тохиолдол илэрч, хоёр иргэн нас баржээ
Дархан-Уул аймагт өнгөрсөн хоногт халдварын улмаас хоёр иргэн нас барсан бол нийт 188 сорьцод шинжилгээ хийснээс 172-т нь халдвар илэрчээ.
Нийслэлд төдийгүй орон нутагт халдварын нөхцөл байдал амаргүй болж эмнэлгийн ачаалал эрс өссөн. Тэгвэл нийслэлийн хэмжээнд орны нөөцийг нэмэгдүүлэх боломж байхгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
Халдварын нөхцөл байдал амаргүй болж байгаа өнөөгийн нөхцөлд иргэн бүрийн үүрэг хариуцлага юу юунаас чухал гэдгийг онцгойлон сануулж байна.
Халдвар авч байгаа иргэдийн дийлэнх нь гэр бүлийн хүрээнд өвчилж байгаа тул хүн бүр дор бүрнээ хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэмээ нарийн баримтлахыг Эрүүл мэндийн яам анхаарууллаа.