Манай улсад Омикрон хувилбарын 12 тохиолдол бүртгэгдсэн 

Ковид-19 /дотоод/

Манай улсад коронавируст халдварын мутаци Омикрон хувилбар албан ёсоор бүртгэгдсэн гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Нийт 12 тохиолдол байгаа, бүгд зөөвөрлөгдсөн гэдгийг онцолж байна. Харин хүн ам дундаас Омикрон байж болох сэжигтэй тохиолдлууд олон илэрсэн. Гэхдээ баталгаажуулах шинжилгээ хийгдэж байгааг хэлж байна.  

Манай улсад өнгөрсөн 12 дугаар сард ирсэн энхийг сахиулагчдаас коронавируст халдвар илэрсэн. 244 энхийг сахиулагчийн 231 хүний ПСР шинжилгээний хариу эерэг гараад байсан. Эдгээрт Омикрон хувилбар байгаа эсэхийг лавлан геномын дараалал тогтоох шинжилгээ хийхэд 10 хүний сорьцод Омикрон хувилбар илэрсэн байна. Мөн Бангкок – Улаанбаатар, Стамбул – Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн тус бүр нэг хүний сорьцоос Омикрон хувилбар илэрчээ. 

Манай улс коронавирусийн эерэг гарсан 100 сорьцыг Япон Улс руу баталгаажуулахаар явуулсан байна. Эдгээрийн хариу хараахан ирээгүй байгаа гэдгийг албаныхан хэлж байна.

Омикрон хувилбар батлагдсан 12 тохиолдлын 96 хувь нь биеийн байдал хөнгөн байсан бол 4 хувь нь биеийн байдал хүндэвтэр байжээ. 

Омикрон хувилбарын тархалт дельтагаас илүү хурдан тархахаар байна. Зарим тохиолдолд дельтагаас 4-5 дахин өндөр гэж судлаачид үзэж байна. Давалгаа хурдан эхлэх ч эргээд богино хугацаанд буурах таамаглал бийг ЭМЯ-наас мэдээлж байна. 

ШУУД ҮЗЭХ