Баярын өдрүүдэд амралтгүй ажилладаг цөөн хэдэн салбарын нэг бол эмнэлэг. Тэгвэл сар шинийн өдрүүдэд төрөх эмнэлэг хэр ачаалалтай байсныг манай сэтгүүлч сурвалжиллаа. "Өргөө" амаржих буюу хуучнаар нэгдүгээр төрөхөд баярын өдрүүдэд 100 эх эсэн мэнд амаржиж, бяцхан иргэдийн тоог нэмсэн байна.
Жилийн жилд баярын өдрүүдэд төрсөн нялхаст олон нийт онцгой анхаарал хандуулдаг. Төрөх эмнэлэг бүр хэдэн хүүхэд эх барьж авсан, хичнээн нь ихэрлэсэн зэрэг мэдээлэл сонирхол татдаг. Бид "Өргөө" амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт сар шинийн баярын өдрүүдэд төрсөн хүүхдийн тоон мэдээллийг авсан юм. Тус эмнэлэгт баярын амралтын өдрүүдээр нийт 100 гаруй нярай төржээ.
Жил бүр Өргөө амаржих газарт 10 гаруй мянган эх төрдөг байна. Харин сүүлийн жилүүдэд буюу цар тахалтай холбоотойгоор төрөх эмэгтэйчүүдийн тоо буурсныг эмч нар хэлж байна.
Үүнийг цар тахлын эсрэг вакцинтай холбон тайлбарлаж байна. Өөр бусдаар ноцтой шалтгаан байхгүй гэлээ. Өнгөрсөн онд тус амаржих газарт есөн мянга гаруй эх амаржсан байна.