Сарын хугацаанд томуугийн гурван төрлийн шинэ вирус нэмэгджээ.
Өнгөрсөн нэгдүгээр сарын 20-ны өдөр ХӨСҮТ-өөс хүн амын дунд томуу томуу төст өвчний таван төрлийн вирус хүчтэй тархаж байна гэж мэдээлж байсан. Тэгвэл ердөө сарын хугацаанд дахин гурван төрлийн вирус шинээр тархаж одоогоор хүн амын дунд томуу томуу төст өвчний найман төрлийн вирус эрчимтэй тархаж томуугийн өвчлөл эрс нэмэгдэж байгааг анхаарууллаа. Гол нь томуу, томуу төст өвчин Омикрон хувилбартай ижил шинж тэмдэгтэй буюу ханиах, халуурах, хоолой өвдөх шинж тэмдэг зонхилж байгааг хэлж байгаа юм.
Өнгөрсөн оны наймдугаар сараас Азид, харин манай улсад 11-р сараас эхлэн томуу томуу төст өвчний 5 төрлийн вирус дэгдсэн гэж байсан. Тухайлбал, 12-р сарын дундаас томуугийн А хүрээний H3N2 вирус орж ирж, өвчлөл нэмэгдэж байгааг мэдээлж байсан юм. Мөн а хүрээний H3N2, томуу төст өвчний амьсгалын замын синстал вирус зэрэг нь бага насны хүүхдүүдэд хүндрэл үүсгэж байсан. Харин өнөөдрийн байдлаар томуугийн найман төрлийн вирус нийслэлд төдий хөдөө орон нутагт ч их байгааг мэдээллээ.
Хичээлийн шинэ улирал танхимаар эхэлсэнтэй холбоотой томуугийн өвчлөл нэмэгдэхээс гадна ковид-19 халдварын Омикрон хувилбар кластер байдлаар тархаж байгааг мэдээлсэн. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ дархлааг дэмжих дулаан явуулахад онцгой анхаарахыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.