Иргэд бид эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас сайн үйлчилгээ үргэлж нэхдэг. Гэхдээ өөрсдөө бас ухамсартай байхыг эмнэлгийн удирдлагууд иргэдээсээ хүслээ. Учир нь зарим иргэд авсан цагтаа ирдэггүй, бүтэн цагаар хоцорч ирээд хэрүүл шуугиан үүсгэдэг асуудал энэ эмнэлгийн нэг өдрийн энгийн үзэгдэл болжээ. Бүр өөрийн буруугаас цагтаа ирээгүй иргэн тоног төхөөрөмж эвдсэн хэрэг ч гарсан байна.
Улсын хэмжээнд бөөр орлуулах эмчилгээ хийлгэдэг 1100 гаруй хүн бий. Эдгээр иргэдийн амь нас хил гаалийн үйл ажиллагаатай холбоотойгоор эрсдэлд орох нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, диализийн аппаратны дагалдах хэрэгсэл буюу гуурс, уусмалын нөөц улсын хэмжээнд буурч, салбар яамнаас эмчилгээтэй холбоотой зөвлөмжийг эрүүл мэндийн байгууллагад хүргүүлсэн юм.
Уг зөвлөмжид уусмалын нөөц хангалтгүй байгаа бол гемодиализийн эмчилгээний оролтын тоог хадгалан цагийг 2-3 цаг болгож багасгах, дагалдах хэрэгслийн нөөц хангалтгүй байгаа бол гемодиализийн эмчилгээний оролтын тоог хоёроос нэг болгон бууруулж, үргэлжлэх хугацааг 6-7 цаг болгон нэмэгдүүлэхээр тусгажээ.
УНТЭ-ийн бөөрний төв нь бөөрний бүхий л төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Диализийн аппаратны дагалдах хэрэгслийн нөөц хомсдсон үед бөөр орлуулах аппаратны ачаалал эрс нэмэгджээ.
Тус эмнэлгийн хувьд диализийн аппаратны дагалдах хэрэгслийн нөөц 7-8 хоногийн нөөцтэй байгаа гэлээ. Ердийн үед 2-3 сарын нөөцийг бүрдүүлдэг гэдгийг албаныхан онцоллоо.
Өнгөрсөн 1 сарын 13-наас хил дээр гацсан ачаа барааг татан авч эхэлсэн. Ингэхдээ нэн тэргүүнд эрүүл мэндийн салбарын ачаа барааг нийлүүлж байгаа. Гэсэн хэдий ч хөдөө орон нутагт диализийн аппаратны дагалдах хэрэгсэл тасалдаж иргэд төв эмнэлгүүд болон хувийн эмнэлэг бараадан тусламж үйлчилгээ авч байна.
Диализийн аппаратны дагалдах хэргслийн нөөц хомсдож байсан ч эргээд хэвийн байдалдаа орж байгааг эрүүл мэндийн салбарын төлөөллүүд онцоллоо.