Бага насны хүүхдүүдийн дунд томуугийн халдвар эрс нэмэгдэж эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байсан. Эмнэлгийн тусламж авахаар хүүхдээ тэвэрсэн эцэг эхчүүд 2-3 цаг дараалалд хүлээх нь энүүхэнд болоод байгаа юм. Эмч мэргэжилтнүүд ачааллаа даахгүй байгаа энэ байдлыг хүний нөөцийн дутагдалтай холбон тайлбарлаж байгаа. Салбарын сайд ч хүүхдийн эмч, сувилагчийн тоог нэмэх шаардлага бий болоод байгаагаа учирлалаа.
Улсын хэмжээнд жилд томуу томуу төст өвчнөөр 130 орчим мянган хүүхэд өвчилдөг. Энэ үед эрүүл мэндийн байгууллага бүрэн хүчин чадлаараа ажилладаг. Одоогоор өрхийн эмнэлэг болон амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна. Яаралтай түргэн тусламжид хүний нөөцийг нэмэгдүүлсэн хүчин чадлаар ажилуулж байгаа юм. Гэсэн хэдий ч томуугийн халдварын тохиолдол нэмэгдэж ачаалал буурахгүй байна. Хүүхдийн эмч, сувилагч нарийн мэргэшсэн хүн байх ёстой. Улсын хэмжээнд нарийн мэргэшсэн хүүхдийн эмч мэргэжилтнүүд дутагдсан хэвээр байна.
Жилдээ 25 долоо хоногт томуугийн халдвар дэгддэг. Идэвхтэй үе нь 4-5 долоо хоног үргэлжилдэг. Улсын хэмжээнд хүүхдийн салбарын эмчийн хомсдол харьцангуй их. Нийт хүн амын нэг сая гаруй нь 0-18 насны хүүхэд. Гэтэл эдгээр хүүхдэд 721 хүүхдийн эмч, 1000 орчим сувилагч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Энэ нь улсын хүн амын тоо, хүүхдийн тоотой харьцуулахад бага үзүүлэлт, нэг эмч, сувилагчид стандартаас давсан хүүхэд ногдож байгаа нь одоогийн энэ ачааллыг бий болгоход хүргээд байна.