Долоон хүн тутмын нэг нь вакцинд хамрагджээ

Архив...

Үйл явдал
280 орчим мянган хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Ирэх сард 900 мянган тун Синофарм вакцин хүлээн авна. Эмнэлгийн болон хариу арга хэмжээний багийн ажилтан албан хаагчид вакцинд бүрэн хамрагдаад байна. Мөн боловсролын байгууллагын ажилчдын 98 хувь нь вакцинжуулалтад хамрагдсан судалгааг ЭМЯ-наас танилцууллаа. Вакцины татан авалт тасалдахгүйг албаныхан онцоллоо.


ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.Болдмаа:
"Одоогоор 279,069 хүн коронавирусийн эсрэг вакцинд хамрагдаж, зорилтот бүлгийн хүмүүсийнхээ 55 хувийг коронавирусийн эхний тунгаар дархлаажуулаад байна. Өөрөөр хэлбэл, 18-аас дээш насны долоон хүн тутмын нэгийг дархлаажуулсан."
Энэ нь Номхон далайн баруун эргийн бүс болон дэлхий дахины үзүүлэлтээр дээгүүр байр эзэлж буй үзүүлэлт юм. Вакцины хангамжийн хувьд, дөрөвдүгээр сард нийт 900,000 хүн тун БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин орж ирэх юм. Үүний зэрэгцээ ОХУ-ын Спутник V вакцин нэг сая хүн тун ирэх тул дархлаажуулалтынхаа үйл ажиллагааг маш өргөн хүрээтэйгээр цааш үргэлжлүүлнэ.

Түүнээс гадна ирэх сарын 10-наас Синофармын, 15-наас АстраЗенека вакцины хоёр дахь давтан тунгууд хийгдэж эхэлнэ.

Вакцинд хамрагдсан хүмүүсийг хувиар үзвэл, эрүүл мэндийн ажилчид, хариу арга хэмжээний баг, боловсролын байгууллага, худалдааны байгууллага, үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх аж ахуйн нэгж, байгууллагын ажилчид вакцинд хамрагдсан хувь нь өндөр байна. Одоогоор 50-аас дээш насны иргэд вакцинд хамрагдаж байгаа. Мөн 18-25 насны залуусыг вакцинд хамруулахаар энэ долоо хоногт бэлтгэл ажлаа хийж байна.

ХӨСҮТ-ийн хэвлэл мэдээлэл

ШУУД ҮЗЭХ