Ковид-19 халдвараар нас барсан 14 иргэний цогцост задлан шинжилгээ хийжээ

Зөвлөмж

Ковидоор өвдсөн хүний тархи осолд орсон эсвэл олон жил архи уусан хүнийхтэй ижил хэмжээнд гэмтэх тохиолдол байна.

Халдварын улмаас нас барсан дөрвөн иргэний гурав нь хоёрдугаар тунгаа хийлгээгүй байжээ.

Иргэд олон нийт дархлаа сэргээх тундаа идэвхтэй хамрагдахыг УИХ-ын дарга уриаллаа.  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ковид-19 халдвараар эмнэлгийн бус орчинд нас барсан иргэдийн цогцост задлан шинжилгээ хийхэд тархины эд эс асар ихээр гэмтсэн, элэг бөөрөнд хурц дутагдал үүсч үхэжсэн, уушгины агааржилт багасч хаван, шингэний хуримтлал, хатгаа үүссэн байдалтай байсан байна.

Халдварын улмаас нас барсан дөрвөн иргэний гурав нь дархлаажуулалтад огт хамрагдаагүй байжээ.  Тиймээс мэргэжлийн хүмүүс вакцины дархлаа сэргээх нэмэлт тунд заавал хамрагдахыг сануулсаар байгаа. Мөн УИХ засгийн газрын түвшинд ч вакцины 3-р тундаа иргэд идэвхтэй хамрагдахыг уриалж байгаа юм. 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн өнгөрсөн оны 3-р сард халдвар тархаж эрчимжсэнээс хойш эмнэлгийн бус орчинд эндсэн 14 тохиолдолд задлан шинжилгээ хийжээ.

Үүнээс дөрвөн тохиолдол нь ковид 19 халдварын улмаас байсан бол үлдсэн 10 тохиолдол нь хүнд хэлбэрийн өвчин хавсарсны улмаас нас баралтад хүргэсэн байна.

Ковид-19 халдвараар нас барсан дөрвөн тохиолдлыг шинжилж үзэхэд тархинд хүнд хэлбэрийн өөрчлөлт орсон буюу бичил цус эргэлтийн алдагдал, хүчилтөрөгчийн дутагдалд хүргэж мэдрэлийн эсүүд үхэжсэн байжээ.

Харин дараагийн өөрчлөлт нь уушгиний бүх талбайг хамарч маш их хэмжээний үрэвсэл үүсгэсэн байна. Мөн хавсарсан байдлаар элэг бөөрний дутагдалд орсон байсныг албаны хүн хэлж байгаа юм.

Хамгийн гол нь халдвараар нас барсан хүмүүсийн 3 нь вакцинд хамрагдаагүй байжээ. Үүнээс үзэхэд вакцины үр нөлөө, хүний биеийн эд эсийг хамгаалах чадвар өндөр гэдгийг харуулж байгааг албаны хүмүүс сануулж байна.

Ковид-19 халдвараар нас барж байгаа иргэдийн зүрхэнд маш их өөрчлөлт өгч байгааг мөн хэлж байна.

Хүний зүрхний бичил үрэвсэл буюу үйл ажиллагааны үндсэн эс болох эсүүдийг үхжилтэд хүргэдэг байна. Тиймээс халдварын тархалт намжиж байгаа гээд амарч болохгүйг албаны хүмүүс хэлж байгаа юм.

Дахин шинэ давалгаа үүсэхгүй гэх баталгаа байхгүй тул дархлаа сэргээх гурав дахь тунд хамрагдах нь чухал гэдгийг сануулж байна. 

Вакцины дархлаа сэргээх тун хүндрэх эрсдэлээс 98 хувь хамгаалж байгааг судалгаагаар тогтоосон. Гэвч гуравдугаар тунгийн хамрагдалт өмнөх хоёр тунгаас 2-3 дахин бага байгаа. Тиймээс иргэд идэвхитэй хамрагдахыг УИХ-ын дарга уриалж байгаа юм.

Ковид -19 халдвар тусаад эдгэрсэн маш олон хүний оюуны чадамж, ой тогтоолт муудаж байгааг мэргэжлийн байгууллагааас хэлж байгаа.

Олон улсын судалгаа задлан шинжилгээний дүгнэлтээр тархины эс үхжиж хавагнаж байгаа нь автомашины осолж орж гэмтэл авсан, эсвэл олон жил архи уусан хүнтэй адил хэмжээнд гэмтээж байгааг тогтоожээ.

Тиймээс ковидоор өвдсөн хүмүүс ч тэр хийлгэвэл зохих хугацаанд нь нэмэлт тунгаа хийлгэх нь чухал гэдгийг Эрүүл мэндийн яамнаас онцгойлон сануулж байгаа юм.