Омикрон хувилбар хоолой өвдөх, сөөх шинжээр давамгай илэрч байна 

Зөвлөмж

Омикрон халдварын нууц хугацаа богиносч, халдварлах чадвар өндөр байгааг судалгаагаар тогтоосон.

Вакцин хийлгээгүй хүмүүс өвдсөн тохиолдолд уушгинд халдвар орж хүндрэх, нас барах эрсдэл өндөр байгаа юм. Омикрон нь томуу, томуу төст өвчинтэй ижил шинж тэмдгээр илэрч байгаа учир заавал PCR шинжилгээ өгөх ёстойг зөвлөж байгаа. Тэр дундаа цэртэй ханиалгаж, үе мөчөөр нь өвдөж байгаа иргэд өөр шинж тэмдэг илрэхгүй байсан ч эмнэлэгт хандах нь зөв гэдгийг эмч зөвлөж байна.

Цэртэй ханиаж, үе мөч өвдөж байгаа бол шинжилгээ өгөхийг зөвлөлөө 

Covid-19-ийн олон хувилбараас Омикрон нь хоолой өвдөх, сөөх шинжээр давамгай илэрч байгаа. Мөн хоолой сэрвэгнэж ханиах, ядрах, сульдах, хөлрөх шинж тэмдэг илэрч байна. Мөн үе мөч өвдөх нь бусад хувилбараас илүү байгааг судалгаагаар тогтоогоод байна.

Өнгөрсөн хоногт халдварын 1100 тохиолдол бүртгэгдэж 4 иргэн нас барсан. Нийт халдварын 90 гаруй хувь Омикрон хувилбар байгаан дээр халуурахгүй, цээж өвдөхгүй хэрнээ халдвар авсан тохиолдол нэмэгджээ. Тиймээс цочмог шинж тэмдэг илрэхгүй ч бие тавгүй байвал шинжилгээ өгөх хэрэгтэйг санууллаа. 

Өвдсөн хүмүүсээс ажиглавал 14 хоногт халдварын шинж тэмдэг багасч байгаа ч цаашид 3-6 сар халдварын дараах хүндрэлүүд үргэлжилж байгааг хэллээ. Covid-19-өөр өвдсөн хүмүүсийн 59-80 хувьд нь ханиалга намдахгүй байх тохиолдол их байгааг эмч онцоллоо.