Цус, цусан бүтээгдэхүүний нөөц хангалттай ч тогтмол цуглуулах шаардлагатай

Зөвлөмж

Цар тахлын үед цусны төвд цус хандивлах хүний тоо эрс буурсан. Энэ нь цар тахлын халдварт өртсөн, эмнэлгийн орчноос халдвар авах, хөл хорио, ковидын эсрэг вакцин зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан цусны нөөц хомсдоход нөлөөлсөн.

Хэдийгээр цар тахлын халдвар буураагүй ч цусаа өгөх доноруудын идэвх эргэж сэргэн, хэвийн байдалдаа оржээ.

Өнөөдөр ЦССҮТ доноруудаа тодруулах өдөрлөгийг зохион байгууллаа. Хүрэл донор Ганбаатарын хувьд 2006 оноос хойш цусаа тасралтгүй бэлэглэж одоогоор 70 гаруй удаа өгөөд байгаа юм байна.  

Нэг хүний цус гурван хүний амь авардаг гэдэг. ЦССҮТ өдөрт 100-150 донороос цус цуглуулж байгааг хэлж байна.

Цар тахлын хөл хорионы үед өдөрт 50 орчим донор цусаа бэлэглэж байсан нь нөөц хомсдох шалтгаан болж байжээ. Харин одоо эргээд хуучин байдалдаа орсноор цусны нөөц хангалттай болсныг онцолж байна.

Гэхдээ доноруудаас тасралтгүй цус цуглуулах зайлшгүй шаардлагатай. Цусны хэрэглээ ч их. Ялангуяа гэмтэл бэртэл, түлэгдэлт, цус алдалт, төрөлтийн явцад, хавдрын үед цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага ихээхэн үүсдэг болохыг эмч мэргэжилтнүүд хэлж байна.