Эрүүл мэнд

Баруун аймгуудад тарваган тахал өвчин дэгдэж гурван ч хүн амь насаа алдаад байна. Коронавируст халдвараас хэд дахин хүчтэй энэ тахлаас иргэн бүр сэрэмжтэй байхыг анхаарууллаа. Өндөржүүлсэн бэлэн байдал суларсан байгаа энэ цаг үед тарваганы мах зөөвөрлөх, аймгийн төв болон нийслэл хот руу нэвтрүүлэхийг завдах зэрэг асуудал байгаа учраас сэрэмжтэй байхыг олон нийтэд санууллаа.

Дэлхийн нийтэд КОВИД-19 цар тахал тархаж он гарснаас хойш 966 мянган хүн нас бараад байна. Харин манай улс аймшигт тахлаар иргэдээ алдаагүйн дээр дотоодод тархаалгүй амжилттай хамгаалж байгаа ч тарваган тахлын улмаас гурван иргэн харамсалтайгаар амиа алдсан. Улс даяар онцгой дэглэм тогтоон ажилласан 9 сарын хугацаанд тарваган тахлын сэжигтэй тохиолдол 20 удаа бүртгэгдэж холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажилласан юм. Харин өнөөдрөөс эхлэн дотоодод хөл хориог сулруулж байгаатай холбоотой тарвага агнах, нийслэл рүү оруулахыг завдах эрсдэл нэмэгдэх магадлалтайг албаны хүн санууллаа.
Сүүлийн жилүүдэд Хөвсгөл, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай аймгуудад тарваган тахлын байгалийн голомт сэргэж, халдвар дэгдэх эрсдэл эрс нэмэгдсэн гэдгийг албаны хүн онцоллоо. Тарваган тахлын улмаас харамсалтайгаар амиа алдсан гурван иргэн амьсгалын замаар хүнд өвчилсөн гэдгийг хэлж байна.
Улс даяар тогтоосон хөл хориог дотоодод сулруулсантай холбоотой тарвага агнан худалдаалах хэрэгт анхаарлаа сулруулж болохгүйг ийнхүү албаны хүн сануулж байна. Тарваган тахлын эрсдэл, үхэлд хүргэх нөлөө нь КОВИД-19 халдвараас ч илүү гэдгийг хэлж байгаа юм. Уг тахлаас сэргийлэх эрүүл мэндээ хамгаалах нь иргэдийн үүрэг хариуцлагатай шууд холбоотой. Тиймээс иргэн бүр дор бүрнээ ухамсартай, хариуцлагатай байхыг санууллаа.