Украин дахь Оросын цэргийн дээд командлагч Сергей Суровикин албан үүргээсээ чөлөөлөгдлөө. Оросын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн шийдвэрээр Оросын Ерөнхий штабын дарга Валерий Герасимов Украин дахь байлдааны ажиллагааг командлахаар болсон байна.
ОХУ сүүлийн саруудад хэд хэдэн томоохон ялагдал хүлээсэн ч Украины зүүн хэсэгт ахиц дэвшил гаргаж байгаа гэж мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан бүтцийн өөрчлөлт хийж байна. Сергей Суровикин Украин дахь Оросын цэргийн дээд командлагчаар томилогдоод 3 сарын дараа ийнхүү албан үүргээсээ чөлөөлөгдлөө. Түүний халааг авч ажиллах Валерий Герасимов бол Зөвлөлтийн дараах хамгийн удаан буюу 2012 оноос хойш ерөнхий штабын даргаар ажиллаж байгаа генерал юм. Оросын хэвлэлүүдийн мэдээлснээр, Сергей Суровикин Герасимовын орлогчоор томилогдсон байна. Сергей Суровикин Сири дэх Оросын ажиллагаа, ялангуяа Алеппо хот дахь хүчтэй бөмбөгдөлт зэрэг байлдааны харгис тактикаараа алдаршсан. Тэрээр өнгөрсөн 10-р сард Украин дахь Оросын цэргийн ажиллагааг удирдахаар томилогдон, Украины эрчим хүчний дэд бүтцийг устгах кампанит ажлыг эхлүүлсэн юм. Үүнээс болж Украины олон сая энгийн иргэд өвлийн хүйтэнд ус, цахилгаангүй амьдрах шаардлагатай болсон. Харин түүний Херсон мужаас цэргээ гаргасан шийдвэр нь Украинчуудын хувьд томоохон ялалт болжээ.
Оросын Батлан хамгаалах яамаас ийнхүү өөрчлөлт хийх болсон нь "тусгай ажиллагааны удирдлагын түвшнийг дээшлүүлэх" зорилготой бөгөөд цэргүүдийн өөр хоорондын нягт хамтын ажиллагааг бий болгох, Оросын цэргийн удирдлагын үр дүнг дээшлүүлэхтэй холбоотой байсан” гэж тайлбарлажээ.