АНУ-ын Бүгд найрамдах намын тэргүүн Кевин Маккарти 15 удаагийн санал хураалтын дараа төлөөлөгчдийн танхимын даргаар сонгогдож чадлаа. АНУ-н иргэний дайны өмнөх үеэс хойш байгаагүй сунжирсан урт санал хураалт болж өнгөрлөө. Конгрессын танхимын хяналт 2019 оноос хойш анх удаа Бүгд найрамдах намын гарт буцаж ирж байгаа юм.
Кевин Маккарти-н төлөөлөгчдийн танхимын дарга болох зам бартаатай байсан ч цаашид намын дундах зөрчилдөөн бүр илүү тэмцэлд хүргэж магадгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна..
Маккарти-н хийх эхний алхам бол танхим хэрхэн ажиллах тухай багц дүрмийг батлах гэх мэт зохион байгуулалтын ажил юм. Даваа гарагийн орой дүрэм батлах тухай санал хураалт явагдсан. Бүгд найрамдах намын удирдлага болон консерватив үзэлтнүүдийн хооронд ширүүн хэлэлцээ өрнөсөн. Маккарти-н буулт цаашид танхимын үйл ажиллагаанд нөлөөлж болзошгүй. Учир нь Маккарти “эрх чөлөөний” бүлэг нэртэй консерватив үзэлтнүүдэд 13 суудалтай дүрмийн хорооны 3 байрыг өгөхөөс өөр аргагүйд хүрчээ. Дүрмийн хороо нь төлөөлөгчдийн танхим дахь томоохон санал хураалт болох хугацаа, нөхцөл зэргийг тодорхойлдог эрх мэдэл бүхий бүлэг юм. Үүнээс гадна нэг гишүүн, танхимын даргыг огцруулах эсвэл хуулийн төслүүдийн хэлэлцэх хугацааг сунгах санал хураалт эхлүүлэх боломжтой гэсэн шинэ заалтууд батлагджээ.
Төлөөлөгчдийн танхимд хороо болон дэд хороодын даргаар Бүгд найрамдах намын хэн сонгогдох бол гэсэн асуулт төрөн гарч байна. Жоржтауны их сургуулийн улс төр судлал хүрээлэнгийн ахлах судлаач “Хөшигний цаана маш олон амлалт өрнөсөн. Хэн нэгэн албан үүрэгт томилогдоход хэн нэгэн өөрийн шангаа алдах болно. Ингэснээр танхимд асар том эмх замбараагүй байдал өрнөж болзошгүй” гэжээ.