Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах байрны “7 дугаар давхарт газ дэлбэрч, гал гарсан байна” гэх дуудлага, мэдээлэл энэ оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 05 цаг 46 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг харьяа дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсээс шалгахад асаалттай байсан зулаас гал алдаж, улмаар өрөөний дулааны шугам хэт халалтын улмаас буудаж дэлбэрсэн байна. Үүнээс үүдэн доод давхрын айлын өрөөний тааз хэсэг цөмөрч, гадна зогсоолд байсан “Тоёота” маркийн хоёр тээврийн хэрэгсэл дээр хагарсан шил зэрэг эд зүйл унаж эвдрэл үүссэн хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Дээрх ослын улмаас хүний биед гэмтэл, бэртэл учраагүй бөгөөд иргэд та бүхэн зул, хүж өргөсөн бол эзэнгүй, хяналтгүй орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй. Мөн гэр, орон сууц, барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангаж, зул, хүж, арц асаахдаа үл шатах зүйл дээр байрлуулахыг анхааруулъя!