2024.11.15 БААСАН ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 15 | ӨВЛИЙН ЭХЭН ХӨХӨГЧИН ГАХАЙ САР | ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ХОНЬ ӨДӨР
Аргын тооллын: 2024.11.15 БААСАН ГАРАГ
Наран ургах шингэх: 08.00-17.13
Шинийн арван таванд гэр барих, шүтээн босгох, амилуулах, үр талбих, хишиг даллага дуудуулах, хатуу үйлд сайн.
Тангараглах, нүүдэл суудал хийх, үхэгсдийн үйл, бэрийн үйлийг тэвч.
Үс засуулбал өлзийтэй төгс сайхан болно.
Одны тохиол
Түлэх: элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвэл сайн. Хатуу үйлийг үүсгэвэл зохистой.
Шүтээн барилдлага
Нэр дүрс өдөр-үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Энд төрсөн хүн билэг бага, биеийн илч өчүүхэн, олон хөвгүүн үл тогтон дорогш асрагч, баатар болоод их омогт болох, өвдвөл 3 ба 5 хоногт эдгэнэ. Мөрд орвол саднаас хагацах, гаслан болох, хулгайч 2 хүний нэгний нь үс цагаан, муу царайтай, алдсан юм 21 хоногоос олдоно.
Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх. Нохой уливал үхсний сураг сонсох. Хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох. Бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.