Ардчилсан нам Онц их хурлаараа эвлэрч чадах уу?
Талцал хуваагдал нь дээд цэгтээ тулж хэд хэдэн томоохон сонгуульд дарааллан ялагдал хүлээсан Ардчилсан нам маргааш онц их хурлаа хийхээр товлосон. Маргааш болох Онц их хурлаар хоёр хуваагдсан Ардчилсан нам нэгдэн нийлж эв зүйгээ олно гэж олон мянган жирийн гишүүд нь итгэж байсан ч хэрүүл маргаан нь дуусаагүй байна.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ч хоёр хуваагдан маргаашийн их хуралдаа оролцоно, оролцохгүй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Тухайлбал, бүлгийн дарга Ганбатад урилга ирүүлээгүй тул очихгүй гэсэн юм.
Сар гарны өмнө эвлэрлээ зарлаж Онц их хурлаа хийнэ гэж товоо тогтоосон Ардчилсан нам өнөөдөр дахин хагаралдаж нэгнээ муулж байна. Маргааш болох Онц их хурлыг Цогтгэрэл даргатай Ардчилсан нам зарласан тул очихгүй хэмээн Тулгат дарга нь мэдэгдсэн.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Ганбат ч өөрт нь урилга өгөөгүй тул очихгүй гэлээ. Уг нь бол энэ их хурлаар тал тал тийшээ харж суусан олон фракцууд асуудлаа ярьж нэгдэн нийлэн намынхаа цаашдын бодлогыг тодорхойлно гэж байсан ч Онц их хурлынхаа өмнө дахин хагаралдлаа.
УИХ дахь Ардчилсан намын бүлэг ч хоёр хуваагдаад байгаа. Маргаашийн онц их хуралдаа очихгүй аль аль талд нь орох хүсэлгүй байгаагаа УИХ-ын гишүүн Пүрэвдорж мэдэгдсэн. Харин Ардчилсан намын гишүүн Ганибалын тухайд маргаашийн Онц их хурлаас их зүйл хүлээж байгаа, асуудлаа шийднэ гэж итгэж байгаа олон гишүүд байгааг хэллээ.
Олонхи болсон эрх баригч намын эсрэг хүчтэй дугарах ёстой сөрөг хүчин дотроо учраа олж чадахгүй хэдэн жилийг өнгөрөөлөө. Маргааш болох онц их хурлыг ч хүчин төгөлдөр гэж үзэхгүй хэмээн Тулгат даргатай Ардчилсан нам мэдэгдсэн. Энэ байдлаар маргаашийн их хурлаас их зүйл хүсэх хэрэггүй хэмээн цахим сүлжээнд иргэд шүүмжилж байна.